
Хорьдугаар зууны Америк, хаа сайгүй л харуудын ритм анд блюз эгшиглэх гудамжууд. Цагаан арьстнуудад өөрсдийн гэсэн хөгжим хэрэгтэй байлаа.
Харуудын хөгжим гэх тодотголтой ритм блюзыг цагаан арьст залуу чадварлагаар дуулж олон түмэнд хүргэжээ. Тэр бол өвөрмөц этгээд хөгжмийн шинэ урсгал рокк-н-ролл байлаа. Олныг бишрүүлсэн цагаан арьст залуу нь хожмоо рокк-н-роллын “Хаан”-ы титмийг тэргүүндээ асаасан Элвис Прэсли байлаа.
.

Шинэ цагийн хөгжмийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн одуудын, амжилттай явсан хүмүүсийн нэг Элвис Аарон Прэсли 1935 оны нэгдүгээр сарын 8-нд төржээ. Америкийн Миссиссиппи муж улсын Тупело хотод төрсөн тэрбээр 13 насандаа гэр бүлийн хамт Мемфис хотод ирсэн гэдэг. Тэрээр алдар хүндийн оргилд хүрэхээсээ өмнө театрт үүдний жижүүр, ачааны автомашины жолооч зэрэг ажил хийдэг байлаа. Түүний дуучин болох гараа тун өвөрмөц. Ачааны жолооч залуу Элвис хайрт ээждээ зориулж, төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барихаар Мемфисийн “Сан Рекордс” пянз бичлэгийн компанид пянз бичүүлжээ. Сан Рекордсын эзэн Сэм Филиппс “харуудынх шиг хоолойтой энэ цагаан залуу харуудын блюз маягийн дуу хөгжмийг цагаан арьст сонсогчдод хүргэж чадах”-ыг эхний ганц дууг нь сонсоод л ойлгожээ. Рекордсын эзэн ч буруу таньсангүй. Түүний ачаар л өнөөдрийн бидний хайрлаж хүндэлдэг Рокк-н-Роллын хаан Элвис Пресли дэлхий дахинд танигдаж хөгжмийн ертөнцийг байлдан дагуулах аугаа замналаа эхлүүлсэн юм.
.
Элвис 1954 онд рок болон блюз хөгжмийн доргио хэмнэлтэй дуугаар анх уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. 1953-1955 оны хооронд Сан Рекордс-д бичүүлсэн

дуунууд нь орон нутгийн чанартай хит болж байлаа. 1955 оны 11 дүгээр сард шинэ менежер, хурандаа хочит Том Паркер түүнийг ЭР-СИ-ЭЙ рекордс хэмээх Сан Рекордсоос хамаагүй том компанитай холбож, гэрээ байгуулж, үндэсний хэмжээний, бүр цаашилбал Дэлхийн хэмжээний том од болох замыг нь засав. 1956 он гэхэд Элвис рок-н-ролл гэдэг хөгжмийн шинэ урсгалаар уран бүтээлээ туурвидаг олны танил дуучин болсон байлаа. Харуудын ритм энд блюзд өртэй гэдгээ Элвис Пресли өөрөө ч илэн далангүй хүлээн зөвшөөрдөг байлаа. “Надаас өмнө энэ дуу хөгжмийг чинь харууд өчнөөн жилээр дуулж ирсэн. Тэд гудамжинд, бааранд, ресторанд, гэртээ зөндөө л дуулж хөгжимдөж байсан. Надаас өмнө тэдний энэ хөгжмийг авъя, ашиглая гэж хэний ч толгойд ороогүй. Би харин тэднээс авсан юм” гэж Элвис дурссан байдаг юм.
.
Элвис Прэсли бол дуучин төдийгүй авъяаслаг жүжигчин байлаа. Тэрээр 1956 онд "Лаав Мэ Тэндэр" гэдэг кинонд анх туслах дүр бүтээсэн юм. Үүнээс хойш бүхий л амьдралынхаа туршид 31 кинонд тоглосон. Тоглосон киног нь үзэгчид байнга шүүмжилдэг ч үргэлж ашиг орлоготой киноны тоонд ордог байв. Пресли 1958 онд цэргийн албанд мордлоо. Цэргээс халагдсаны дараа хөгжмийн ертөнцдөө эргэн ирж, дэлхий нийтийг байлдан дагуулсан шилдэг уран бүтээлүүдээ туурвиж эхэлжээ. Яагаад ч юм долоон жилийн турш тайзнаасаа хөндийрөв. Өнөөг хүртэл чухам яагаад тайзнаасаа буусан талаар янз бүрийн таамаг дэвшүүлдэг ч бодит үнэнийг нь олж чадаагүй юм. Гэсэн ч урлагт нэгэнт дурласнаа эргэлт буцалтгүй мэдэрсэн Элвис 1968 оноос дахин уран бүтээлдээ эргэн орж гайхамшигт тоглолтуудаа хийж шүтэн бишрэгчдийнхээ магнайг тэнийлгэсэн юм.
.

Дэлхийн хөгжмийн түүхэнд хиймэл дагуулын тусламжтай дэлхий даяар шууд дамжуулсан анхны тоглолт бол рок-н-роллын хаан Элвис Прэслигийн 1973 онд тоглосон тоглолт юм. Түүний энэ тоглолтыг дэлхий даяар нийт 1.5 тэрбум хүн үзэж байжээ. Дэлхий нийт Элвис Преслиг XX зууны хамгийн алдартай дуучны нэг гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь түүний гаргасан цомог дэлхий нийтээр нэг тэрбум гаруй хувь борлогджээ. Үүнээс гадна тэрбээр Грэммийн шагналд 14 удаа нэр дэвшиж байснаас гурван удаа шагналын эзнээр тодорч, 36 насандаа Грэммийн бүх цаг үеийн амжилтын шагнал хүртэж байжээ.
.
Харамсалтай нь, нэрт дуучин маань мансууруулах бодис ихээр хэрэглэх болж, улмаар 1977 оны наймдугаар сарын 16-ны өдөр 42-хон насандаа Мемфис хот дахь өөрийн Грэйслэнд эдлэн газрын байшиндаа өөд болов. Олон сая шүтэн бишрэгчид нь хэсэг хугацааны турш сэтгэлзүйн цочролд орсон байлаа. Урлагийн од тэнгэртээ харвасан тэр газар нь шүтэн бишрэгчдийнх хувьд рокк-н-роллын хааныг эргэн дурсах шүтээн газар нь болсон юм. Грэйслэнд эдлэн газрыг 1982 онд албан ёсоор нээсэн нь түүний шүтэн бишрэгчдийн талархалыг эгнэгт хүлээжээ. Өнөөдөр Грейслэнд эдлэнг жилд дунджаар 750 мянган хүн зорин очиж рокийн хаан Элвис Преслийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг юм.
.
Түүний талаар дэлхийн урлаг соёлын одод бахархан дурссан байдаг. Супер од Брюс Спрингстин “Тэр бидний чихэнд хүсэл мөрөөдлөө шивнэсэн. Шивнэсэн тэр мөрөөдөл нь бас бидний ч мөрөөдөл болсон юм” гэсэн бол алдарт Битлз хамтлагийн гишүүн дуучин Жон Леннон “Элвисээс өмнө хэн ч байгаагүй юм” гэсэн байна. Мөн Леннон багадаа Литл Ричардын пянзыг сонсоод “Элвисээс илүү хүн байна гэж үү” хэмээн дуу алдаж байжээ. Тэр ийм л түүхтэй, ийм л шүтээн байсан. Цаашид ч байна. Цаг хугацаа улиран одсон ч түүний дуунууд, хүндэлж шүтэн биширсээр ирсэн хүмүүс сэтгэл зүрхээрээ үүрд хамт байх биз ээ.

.
Б.Ганжуур
СЭТГЭГДЭЛ БИЧИХ