Санал тоолох машиныг шалгав
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 2013 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тоолох автомат машиныг шалгах тестийг орон даяар 12.00 цагт эхлүүлсэн юм. Манай сурвалжлах хэсэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдүгээр хэсгийн хороо буюу Улсын тэргүүний I сургууль дээр явагдсан шалгалтын явцыг сурвалжиллаа.
Биднийг очиход сонгуулийн санал тоолох хоёр автомат машиныг ажлуулахад бэлтгэж байв. Мөн шалгалтын комиссынхон, хөндлөнгийн гэрчүүд болох АН, МАН-ын ажиглагчид хүрэлцэн ирсэн аж.
.
Шалгалтынхан автомат тоологчийг зааврын дагуу саналын хуудас тест болгон уншуулж, санал хураалтын дүнгийн бичвэрийг хоёр намын ажиглагчдад хянуулсан. Улмаар туршилтын шалгалтын дүнг СЕХ руу илгээсэн. Энэ үеэр ажиглагчид болон шалгалтынхан автомат машин алдаагүй, үнэн зөв уншиж байгааг нотолж, баталгаажуулсан.
.
Энэхүү шалгалтыг сонгуулийн хэсгийн хороодод нэгэн зэрэг эхлүүлж, дүнгээ гаргасан бөгөөд ямар нэгэн алдаа, буруу зөрүү гараагүй гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.
П.Наран
Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ