Монгол-Германы найрамдлын баяр болов
ХБНГУ-ын Шөнефельд хотын засаг дарга Удо Хаазетай хамтран энэ сарын 15-нд “Монгол-Германы найрамдлын баяр” арга хэмжээг Вассманнсдорфт зохион байгуулжээ. Арга хэмжээг нээж Элчин сайдыг төлөөлж Элчин зөвлөх Ц.Болор, Бранденбург муж улсын Дэд бүтэц, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Брэтшнайдер, Вассманнсдорф дүүргийн засаг дарга М.Смолински нар мэндчилгээний үг хэлэв. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд нийтдээ 2000 гаруй хүн оролцсоны дотор Бранденбург муж улсаас Холбооны зөвлөлд суугаа Бүрэн эрх төлөөлөгч Т.Фишер болон Барут/Марк хотын дарга П.Илк зэрэг албаны хүмүүс оролцов.
Наадмын хүчит бөхийн барилдаанд монгол, герман, перс, чечень болон гана үндэстний 16 бөх хүч чадал, авхаалж самбаагаа сорин Буурлын Цог, Энхтайваны Энхбаяр нар үзүүр түрүү булаацалдаж, уран барилдаан үзүүлж наадамчин олныг баярлуулав. Харин найман хүүхэд зодоглосон бөхийн барилдаанд Берлин хотын Нельсон Манделагийн нэрэмжит дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Батбилэгийн Ананд түрүүлэв.
Наадмын урлагийн тайзыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нэрэмжит Александер фон Хумбольдийн нэрэмжит 38 дугаар сургуулийн "Талын охидууд" хүүхэд залуучуудын хамтлаг "Хөх Монгол" язгуурын урлагийн хамтлагийн ах, эгч нартайгаа хамт урлагийн тоглолтоор мялаажээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ