
Монголчууд бид эрт цагт тив хоорондын худалдааны гол жим “Торгоны зам”-ын бүс нутгийг төвшитгэн, чөлөөт худалдааны харилцаа, даяаршлын эхлэлийг тавьж, дэлхийн шинэ түүхийг бичилцсэн өнө эртний түүхэн уламжлалтай ард түмэн.
Ардын хувьсгал ялсан 1921 онд Монгол ардын харилцан туслалцах хоршооны хэлтсийг Сангийн хамаг хэргийн яамны дэргэд байгуулснаар Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүссэн гэж үздэг.Худалдааны салбар хөгжлийн олон үе шатыг /Худалдааны салбарын суурь тавигдсан 1921-1935 он, хоршооллын худалдааны хөгжлийн 1935-1959 он, социалист худалдааны 1960-1990 он, зах зээлийн шилжилтийн үеийн худалдааны 1990-1997 он, олон талт чөлөөт худалдаа 1998 оноос хойш/ туулан хүн амын эрэлт хэрэгцээг бараа, үйлчилгээгээр найдвартай хангах үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр 90 жилийн ойтойгоо золгож байна.
Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн хугацаанд гадаад, дотоод худадааг либеральчлах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсний дүнд чөлөөт олон талт худалдааны харилцаа эрчимтэй хөгжиж байна.
1990 онд гадаадын 20 орчим улстай 200 хүрэхгүй сая ам долларын худалдаа хийж байна. ДНБ-ий 15%-ийг бүрдүүлж байгаа худалдааны салбарт 146,2 мянган хүн ажиллаж амьдарч байна.
Монгол Улсын Худалдааны салбарыг эрх зүйн хүрээнд 50 гаруй хуулиар хэсэгчлэн зохицуулж байна. Даяаршлын өнөө үед олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай худалдаа хийх, үндэсний эдийн засаг, дотоодын зах зээлээ хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих, дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
Монгол Улсын Засгийн газраас гадаад, дотоод худалдааг хөнгөвчлөх, дэмжин хөгжүүлэх зорилгоор “Худалдааны тухай” хуулийн төслийг боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн барихаар шийдвэрлээд байна. Түүнчлэн “Төрөөс гадаад худалдааны талаар баримтлах бодлого” –ын болон “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслүүдийг тус тус боловсруулаад байгаа бөгөөд батлуулж хэрэгжүүлэх, худалдааны салбарыг бодлогын шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна.
Түүхэн 90 жилийн хугацаанд Худалдаа эрхлэгчдийн 1 дүгээр зөвлөгөөн “Худалдаа тээврийн ажилчдын улсын зөвлөлгөөн” нэртэйгээр 1938 онд, 2 дугаар зөвлөгөөн “Улс хоршооллын худалдааны ажилчдын улсын зөвлөгөөн” нэртэйгээр 1960 онд, 3 дугаар зөвлөгөөн “Худалдааны тэргүүний ажилчдын улсын зөвлөгөөн” нэртэйгээр 1981 онд тус тус зохион байгуулагдаж байлаа.
30 жилийн дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой “Худалдаа эрхлэгчдийн улсын 4 дүгээр зөвлөгөөн”-д 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос 800 гаруй төлөөлөгчид урилгаар оролцож, худалдааны салбарын тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, салбарын бодлого, цаашдын зорилтын талаар хэлэлцэн, зөвлөмж гаргана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ