Хүний импорт буюу гадныхан
Монгол Улсад байх виз болон оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн гэх хоёр орны 200 гаруй гадаад иргэдийг өчигдөр Улаанбаатар өртөөнөөс албадан гаргав. 19.20 цаг орчимд Улаанбаатар өртөөн дээрээс Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн галт тэрэгний сүүлийн гурван вагоныг нутаг буцаж буй гадаад иргэдэд зориулан гаргасан байлаа. Хоёр вагонд нь цагдаагийн хяналтын дор нутаг буцаж буй иргэдийг хэдийнээ оруулсан аж.
Харин Улаанбаатар өртөөний баруун талын хаалганы орчимд 40 орчим хятад иргэд цагдаагийн хяналтан дор нилээн бухимдуу дуу нь чангаран учир явдлаа хэлэн тайлбарлах аж. Тэднийг Төв аймагт байрлах нэгэн тоосгоны үйлдвэрт ажиллаж байхад нь гэнэтхэн саатуулж нутаг буцаах болсон тул цалингаа авч чадаагүй, хоосон гэртээ харьж чадахгүй хэмээн учирлаж, уурлаж зогссон нь энэ аж. Үйлдвэрийн удирдлагууд нь араас чинь мөнгийг нь явуулна гэж хэлсэн ч тэдгээр иргэд татгалзаж байгаагаа илэрхийлж байсан. Учир нь монголчууд визны хугацаа хэтрүүлэн ажлуулчихаад цалингаа өгөхгүй хуурдаг хэмээн нутаг буцахыг хүсээгүй тул холбогдох албаныхан удтал хэлэлцэн цалингаа автал нь элчин сайдын яаманд нь хүлээлгэн өгөхөөр болсон юм.
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрынханы хэлж буйгаар Албадан гаргах ажиллагааг иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон ээлжит хяналт шалгалтын хүрээнд илрүүлдэг аж. Гэтэл зарим компани, хувь хүмүүс хятад иргэдийг жуулчны 30 хоногийн визээр манай улсад нэвтрүүлж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлдэг. Мөн ажлаа хийлгэж, хэргээ бүтээчихээд цалин мөнгөө өгөх үеэр санаатайгаар манай байгууллагад мэдээлж, өөрөөсөө зайлуулан хүчээр нутаг буцаалгадаг явдал газар авсан гэж байв.
Хэдийгээр тэд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн гэх үндэслэлээр ийнхүү нутаг буцаж байгаа ч хэн нэгний аав, ээж, хүү, охин. Тэрбум гаруй хүнтэй тус улсын иргэд нутагтаа олдогоос их мөнгө олж, ар гэрийнхээ амьдралд нэмэр болохоор тэд ийнхүү хүний импорт болон манай улсыг зорьж ирдэг.
Харин манай улс гурван сая ч хүрэхгүй хүн амтай мөртлөө залуусыг харийн оронд экспортлодог. Тэд ч бас харийн нутагт хүний гар харан амьдарч байгаа. Хятад хүн гэхээр монголчууд цөм дүргүйцэж, үзэн яддаг. Өчигдөр ч мөн адил хажуугаар зөрсөн хүн бүр тэднийг ад үдэж, муу муухай үгээр хэлж байхыг сонссон. Тэдгээр иргэдийг харж зогсохдоо харийн нутагт харлан, хэдэн төгрөгний төлөө нойр хоолоо умартан ажиллаж байгаад саатуулагдан нутаг буцдаг монгол залуусыy тухай бодож байснаа нуух юун.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ