Сонгуулийн ерөнхий хороо, Тэнгис кинотеатрын цахилгааныг тасалжээ

img

Өнгөрсөн Бямба гарагийн 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолбор барих ажлыг гүйцэтгэж байгаа Шил дээд ХХК нь инженерийн байгууламжийн тодруулга, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байгаад 6 кВ-ын цахилгааны кабель шугамыг механикаар гэмтээжээ. Үүний улмаас 6-р хорооллын зарим оршин суугчид болон Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газрын XI байр, Сонгуулийн ерөнхий хороо, Тэнгис кинотеатр зэрэг томоохон байгууллагуудын цахилгаан тасарсан байна. УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн ажилчид газар дээр нь шуурхай ажиллаж, хэрэглэгчдийнхээ цахилгаан тэжээлийг өөр шугамд шилжүүлж, хэвийн болгожээ. Хэдхэн хоногийн өмнө энэ төрлийн зөрчлүүд шил дараалан гарч, хүний эрүүл мэнд ноцтой хохирсон талаар мэргэжлийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулж, сэрэмжлүүлсээр байсныг бид мэднэ.

Шил дээд ХХК уг нь газар шорооны ажил хийхдээ ном дүрмийнх нь дагуу УБЦТС ТӨХК-иас цахилгааны шугам байгаа эсэхэд тодруулга хийлгэж, зөвшөөрөл авсан бол хэвийн ажиллаж байсан өртөг өндөртэй кабель шугам гэмтэхгүй, иргэд амралтын өдрүүдэд гэртээ ая тух алдахгүй, дээрх томоохон байгууллагуудын шуурхай ажиллагаа доголдохгүй л байх байсан.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ