Сурталчилгаа битүүрлээ 33/33
Өнөөдөр сурталчилгааны хаалтын өдөр. Монгол Улсын 5 ерөнхийлөгчийг сонгох сонгууль нөгөөдөр 26-ны өдөр орон даяар явагдана. Шинэ хуулиар явагдаж байгаа энэ сонгуулийн сайн мууг ярих нь хараахан эрт байна. Харин энэ сурталчилгаа бидэнд юу үлдээв, юуг тод болгов гэдгийг тоймлоё.
.
МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал.
Анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн гавьяаг он цагийн бичээст үлдээж тэнцвэргүй хүнд сурталчилгааны хоногуудыг тууллаа. Намын дарга Н.Энхбаярыг суллах тохирооны нэр дэвшигч, МАН-ын саналыг хуваагч зэрэг олон талын таамаг шүүмж араас нь нүдэж байсан ч эх орноороо тойрч олон түмний, тэр дундаа хамгийн жирийн олны үгийг хээгүй сонсож явсаар сурталчилгаагаа өндөрлүүлж байна. Өнгөосөн сонгуулиар МАХН түүний эвсэлд сонгогчдын цөөнгүй хэсэг саналаа өгч УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд гаргаж ирсэн. Одоо Н.Удвал нэр дэвшигчийн цуглуулах санал нь өнгөрсөн сонгуулиас хойшхи намынхаа үйл ажиллагаанд өгсөн үнэлгээг дахин харж дүгнэж цэгнэх боломжийг МАХН-д олгох юм. Энэ сонгуульд 3 дахь нэр дэвшигч байснаараа, түүнийг тодорхой хэсэг дэмжиж байгаагаа илэрхийлж буйгаараа олон нийт нөгөө хоёр том намынхаа нөлөөлөлд үл автах хүчтэй 3 дахь, 4 дөх улс төрийн хүчнийг байлгах дэмжлэгээ хэзээ ч орхихгүй гэдгээ харуулж өгсөн хэрэг юм.
.
Энэ сонгуульд Н.Удвал нэр дэвшигч ялалт байгуулбал Монголын улс төрийн түүхэн дэх анхны гуравдагч хүчний ялалт болох бөгөөд олон олон анхны гэх тодотголыг авснаараа түүхэн сонгууль болж үлдэх биз ээ.
.
МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ.
Маш хатуу сахилга, битүү хаалттай хэлэлцүүлэг, Удирдах зөвлөлийнхөө хүрээнд гарсан шийдвэр дор нэр дэвшигчээ тодруулдаг байсан МАН анх удаа бага хурлаараа нээлттэй хэлэлцүүлэг хийж, олонхийн санал авсан байдлаар нэр дэвшигчээ тодрууллаа. Намын даргаасаа 8 хүний саналаар илүүрхсэн УИХ-ын гишүүн, олноо аварга хэмээн хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ энэ удаагийн Ерөнхийлөгчийн их сунгаанд тодорч сурталчилгаагаа дуусгаж байна. Дараалсан сонгуулиудад ялагдаж урд байгаагүй хүнд цохилтод орсон байгаа нэн хүнд намаасаа нэр дэвшин ялалт байгуулах үүрэг хүлээн анх удаа бөх хүн нэр дэвшсэн нь энэ сонгуулийн нэг онцлон тэмдэглэх бичээс болж байгаа юм. Заавал намын дарга бус гишүүд болон олон нийтээс дэмжлэг авсан хүнийг шууд цензургүй нэр дэвшүүлснээрээ энэ намын нээлттэй байдал, улс төрийн соёлыг нь нэг алхам ахиулсан гавьяа одоогийн Намын дарга Ө.Энхтүвшин, генсек Г.Занданшатар нарт оногдох нь зүй. Сонгуулиас сонгуульд үнэнчээр саналаа өгч, зүтгэсэн гишүүд дэмжигчдээ цөхрүүлж, ялагдлын шокоос гарч чадахгүй, улс төрийн хүчний хувьд санаачилгаа алдан, цөөнхийн үүргээ биелүүлэх ч сэхээгүй зогсонги царцмал байдалд ороод байсан МАН-ыг энэ сурталчилгааны 33 хоног сэхээж өглөө. Тэд хүрээлэлтэй, хүчтэй хэвээр байгаагаа мэдэрч бас мэдрүүлж чадсан 1 сарыг өнгөрүүллээ. Энэ нь Ерөнхий сайдыг АТГ-д өгч, хэн нэг Уянгаагийн овог солигдсон байж болох булхайг ил болгож дангаар ноёлж задгайрах шинж орж, зарим талаар хуучныг давтах тал руу хазайсан Шинэчлэлийн Засгийн газрын зарим “НО”-г гаргаж тавилаа. 17 тэрбумын тендерийн будилаан тарьсан гэх Ерөнхий сайдын Дэнзэн хүргэнийг огцруулснаар сөрөг хүчний том ялалтыг байгууллаа. Манай парламент хүчтэй сөрөг хүчинтэй байна гэдгийг олон нийтэд харуулж сонгуулийн ялагдлаас хойш анх удаа гэж болох том оноогоо олон нийтээс авч чадлаа. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч зүгээр ч нэг бөхөөрөө үлдээгүй, парламентын тогоонд чанагдаж улстөрч хүний олон чанарыг бий болгож чадсан, цаашид өөр хүнд ачаа захиас, өндөр албанд итгэл хүлээлгэж болох, Монгол төрийн буулганд дахин олон жил зүтгүүлэх улстөрч болсноо ард түмэндээ харууллаа. Хэрвээ энэ сонгуульд Б.Бат-Эрдэнэ аварга ялбал ард түмэн аваргыг л хүнийг нь л сонголоо буюу хэлмэгдэл ихсэж төрийн тэнцвэр алдагдах бий гэж сонголтоо хийлээ гэж болох юм.
.
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж.
Тэрбээр одоогийн Ерөнхийлөгчийн хувьд сурталчилгааны эхэнд хэлснээ хийсэн үү гэдэгт эхлээд хариулах ёстой болсон. Бараг л бүгдийг нь хийсэн гэж хариуллаа, сурталчиллаа. Түүний хууль шүүхийн шинэчлэл, авилгатай хийсэн алхмуудад шууд болон шууд бусаар нөлөөлсөн гавьяаг ард түмэн зохих ёсоор нь үнэлж байгаа. Олонх болсон АН-ыг нь гэхээс илүүтэй Ц.Элбэгдорж гэдэг хувь улстөрчийнх нь байдалд өгөх олон нийтийн үнэлэмж эерэг өндөр байгаа нь өнгөрсөн сурталчилгааны явцад харагдлаа. Өмнөх Ерөнхийлөгчдөөс ялгарахуйц үйл ажиллагаатай, үг дуу хоолойтой, үйл ажлаараа олон нийттэй мэдрэмжтэй амьд холбоотой явж ирсэн түүний өнгөрсөн 4 жил өөрөө өөрт нь том фонн болж бусад нэр дэвшигчдээсээ илүүрхэх боломж олгож байгаа нь ажиглагдаж байлаа. 4 жилийн өмнө бараг аль ч сонгуульд ялагдаж үзээгүй шахуу, эрх баригч намын лидер Н.Энхбаяртай хүч шавхан өрсөлдөж ялж байсан нэр дэвшигч Ц.Элбэгдорж 4 жилийн дараа эрх баригч олонх болсон намаасаа босоо нэр дэвшин дахин сонгогдохоор сурталчилгаагаа явуулснаар өнөөдөр хаалтаа хийж байна. Тэр 4 жил ерөнхийлөгчийн сэнтийд заларсан цагаасаа Монголд урьд байсан Ерөнхийлөгчид юуг хийх ёстой байсан ч хийхгүй тойрч байсан бэ, түүнийг нь дайрч хийсэн гэсэн томоос том үнэлгээг олон нийтээс авч чадсан байгаа. Тэр дайрч барьж авсан ажил нь хууль, шүүхийн алагчлалгүй шударга байдал, дээр нь авилгач цагаан захтнуудын хэрэг. Одоо зөвхөн МАН-ын сайд аснууд холбогдоод ачигдаад байгааг эс тооцвол энэ авилгын асуудал үнэхээр мухарлагдаж нийгэм цэвэршиж, шударга ёс тогтоосой гэж хүсдэг хүн бүр улаан цэнхэр тал гэхгүй Ц.Элбэгдоржийг дугуйлах түвшинд ирсэн байж болох өнгөтэйгөөр сурталчилгаа нь өндөрлөж байна. Хэрвээ энэ сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулж дахин сонгогдвол ард түмэн түүнээс, хэтийдсэн хэлмэгдэл бүү гаргаарай гэж сануулаад Авилгыг нэг мөр дарсугай гэж өөрийг нь ташуурдсан сонголт боллоо гэж харж болох юм.
.Энэ сонгуулийн сурталчилгаа бүхэлдээ Монголд шударга ёс гэдэг зүйл ямар их алдагдаж, ард олныг ямар их цөхрөлд хөтөлж ирснийг харууллаа. Өнгөрсөн хугацаанд улс төрийнхний сонгуулийн эрх авахын төлөө хэлсэн амлалтыг биелүүлэхийн төлөөсөнд төр ямар их мөнгөөр өр тавьж, алдагдалтай хэлцэл хийж гадныхны идэш болж ирснийг харууллаа. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө ямар их мөнгийг цааш нь хийж сэйфлэснийг анх удаа тоотой баримттай нь харлаа.
.
Хэрвээ өнгөрсөн сонгуулиар эргэлт гарч төр дэх намуудын хүчний харьцаа өөрчлөгдөөгүй бол, Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн энэ сонгуулиар оноо авах том хөзөр нь авилга байгаагүй бол бид ямар гээч олон төрөөс төрсөн тэрбумтнуудыг толгой дээрээ гаргасан байсныг, энэ улс орон яаж уруудах байсныг, бас ямар их зүйл хийж бүтээж болох цаг мөнгийг үгүй хийснийг харж чадахгүй дахин уруудсаар л байх байжээ. Хэрвээ энэ сонгуулийн сурталчилгаа явагдаагүй бол хяналтгүй засаглал замаасаа хазайж мэдэх байсныг, Засгийн газарт цус ойртолт явагдаж эхэлснийг олон нийт мэдэхгүй явсаар алдаа гүнзгийрсэн хойно сонсох байлаа. Өнөөдрөөр битүүрч байгаа сонгуулийн сурталчилгаа бидэнд санаж сэрэх олон зүйлийг ил болгосон, хаялгатай 33 хоног байлаа.
.
Сонголтоо хийх цаг ирлээ. Хаанаа ч огоотож үл болох Эх орон, Эв нэгдэл, Тусгаар тогтнолын баталгааг, гартаа барих эрхийг хэнд атгуулахаа сонгох цаг тулж ирлээ. Сонголт 6 сарын 26-нд хийгдэнэ.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ