Гурван өдөр архи худалдахгүй
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу энэ сарын 26-ны өдөр буюу лхагва гаригт болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор хүнс ,барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд амрах юм.
.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, санал авах байрыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд Нийслэлийн Засаг дарга үүрэг өгчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ