Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Монголын их түүхийг агуулсан эртний ном, шашдируудыг цувралаар орчуулан олны хүртээл болгох ажил өрнөж байна. Цуврал бүтээлүүдийн дээж болох Рашидаддин Фазлуллахын “Шашдирын чуулган” номыг нэрт орчуулагч Г.Акимын англи хэлнээс орчуулснаар хэвлэн гаргаж өнөөдрөөс уншигч олны гарт хүргэлээ.
“Шашдирын чуулган хэмээх монголчуудын түүх оршивой” номын нээлтийн ёслол өнөөдөр Интерном номын их дэлгүүрт болж түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, нэрт орчуулагч Г.Аким, номын орчуулгыг хянан тохиолдуулсан зохиолч Л.Пүрэвдорж, номын өмнөтгөл үгийг бичсэн доктор Ш.Чоймаа, ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, судлаачид олон хүн оролцлоо.
“Шашдирын чуулган” нь Чингис хааны алтан ургийн Хасан хааны дурдатгалаар Персийн Ерөнхий сайд байсан Рашидаддин Фазлуллах хоёр монгол мэргэний хамт найруулан бичсэн бүтээл юм. Хасан хаан олон хэлийн мэргэд, орчуулагчдыг цуглуулж, Монголын Юань гүрнээс Болод чинсан хэмээх бичгийн хүнийг түүх, шашдирын хамт аваачиж “Алтан дэвтэр” гэдэг түүхэн сурвалжийг ашиглан “Шашдирын чуулган”-ы эх үндсийг тавиулжээ.
Номын нээлтийн ёслол дээр орчуулагч Г.Аким “Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ивээн тэтгэж “Шашдирын чуулган” номыг хэвлүүлсэнд баяртай байна. Энэ бол оюуны соёл, түүхээ дэмжиж байгаа хэрэг” гээд уг номыг англи хэлнээс хуучин орос хэл дээрх орчуулгатай нь харьцуулан үзэж орчуулсан тухайгаа ярилаа.
Ийнхүү орчуулагчийн хэлсэнчлэн он цагийн хувьд дэлхийд галав юүлсэн цагаас буюу хүмүүн төрөлхтнийг бүрэн мөхөх аюулаас гэтэлгэсэн гэх виваангардич Ной-гоос манай эриний XIY зууны дунд үеийг хүртэл хамрах, нутаг дэвсгэрийн тухайд өрнө талдаа Хөөст /Африк/ тивээс дорно талдаа Номхон далайн хөвөө, умар талдаа Их Шивир /Сибирь/, өмнө талдаа Жагар /Энэтхэг/-ын далай хүртэлх өргөн уудам газар нутгийг хамрах Монголын цадиг түүхийн нэгэн бүтээл уншигч олны гар дээр хүрч очлоо.
Үүний дараа гурваас дөрвөн жилийн хугацаанд “Юань улсын судар” зэрэг Монголын эртний түүхийг өгүүлсэн есөн боть ном цувралаар гарч олны хүртээл болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ