Цэргийн амралтын бохир Сэлбэ голын эх рүү урсаж байна
Батлан хамгаалах яамны харъяа “Бага баян-Энхийн төлөө цогцолбор төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Санзай зуслангийн хойно, Сэлбэ голын эхэнд байрладаг. Энэхүү цэргийн цогцолборыг өнгөрсөн онд уг "Бага баян" амралтын газрыг түшиглэж байгуулжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын энхийг санхиулах үйл ажиллагаанд оролцсон офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүл, ахмад дайчдад зориулан гурван одтой “Энхийн төлөө цогцолбор”-ыг байгуулжээ. Тус цогцолборыг БХЯ-ны 100 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын 8,4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар Хятадын “Beijing Construction Engineering Group” барьсан байна.
.
Цогцолборыг өнгөрсөн оны намар албан ёсоор сүр дуулиантай нээж байсан юм. Тухайн үед Батлан хамгаалах яамны сайд, дарга нарын албаны хүмүүс бие даасан инженерийн дэд бүтэц, байгаль орчинд халгүй, эко технологийн халаалтын зуух, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласангэх мэтээр магтаж байсан.
Гэтэл саяхан саяхнаас манай сайтад “Бага баян-Энхийн төлөө цогцолбор төв” амралтын газар бохир усаа Сэлбэ голын эх рүү цутгаж байна. Учир нь Бага баян уулын амнаас Сэлбэ голын савыг усаар тэтгэдэг 3 бяцхан горхи урсдаг гэх гомдол ирэх болов. Гомдлын мөрөөр нийслэлээс 33 км-ын зайд орших хуучнаар “Бага баян” цэргийн амралтыг зорив.
.
Уг цэргийн амралт нь анх 1931 онд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар “Цэргийн дарга нарын бие сайжруулах газар” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Цогцолбор нь энгийн, дээд зэрэглэлийн гэсэн 51 өрөөтэй, 200 хүн хүлээх авах хүчин чадалтай бөгөөд өвөл зунгүй ажилладаг аж.
Тус цогцолборт биднийг очиход “Бага баян-Энхийн төлөө цогцолбор төв” амралтын менежер Ц.Баттөмөр гэх хүн угтав.
.Ц.Баттөмөр менежерийн хэлж буйгаар “Бага баян амралт буюу Энхийн төлөө цогцолбор нь хоёр цэвэрлэх байгууламжтай. Эхний цэвэрлэх байгууламж хуучин амралтын байрны бохирыг цэвэршүүлж, гадагш цутгадаг. Өмнө нь уг байгууламжийн бохирын далан хальж урсдаг байсан. Харин одоо тусгай бодисоор цэвэршүүлдэг болсон. Бас даланг өндөрлөсөн учраас бохир гадагш урсахгүй байгаа. Саяхан МХЕГ-ынха ирээд цэвэрлэх байгууламжаас дээж аваад явсан. Энэ долоо хоногтоо хариу нь гарах байх” хэмээн тайлбарлав.
Хуучин даланг ажиглахад, даланг тойруулсан хашаа нь эвдэрсэн, бохирыг цэвэршүүлдэг бодис хийдэг саравч нь нурж унасан байдалтай байлаа. Мөн Сэлбэ гол руу урсдаг горхины нэгдсэн урсац руу цэргийн амралтын цэвэрлэх байгууламжийн бохирын хоолойг шууд холбожээ.
.
Харин хоёр дахь цэвэрлэх байгууламж дээр очиход, бохирын ус нь задгай талбайд хальж, ялаа шумуул дунд хамар цоргим эхүүн үнэр ханхийж байв. Уг нь энэхүү хоёрдахь цэвэрлэх байгууламжийг өнгөрсөн оны 10-р сард Чехийн хөрөнгө оруулалттай сантехникийн компани манай тал хүлээлгэн өгчээ. Гэвч баталгаат хугацаа нь дуусаагүй байхад бохир нь хальж, ойр орчмыг бохирдуулж эхэлсэн гэнэ.
Энэ асуудлыг гүйцэтгэгч компанитай ярихаар “Танай улсын комисс хүлээж авчихсан. Одоо бидэнтэй гэрээний талаар ярих юмгүй” хэмээн халгаадаггүй гэнэ.
.
Харин тэндэхийн иргэд энэ асуудалд сэтгэл ихээхэн зовинож буйгаа илэрхийлсэн юм. Тэд “Цэргийн амралтын цэвэрлэх байгууламж Сэлбэ голыг бохирдуулж байгаа талаар бид өчнөөн гомдол шүүмжлэлийг холбогдох төрийн байгууллагад тавьдаг. Гэвч өдийг хүртэл хэн ч авч хэлэлцээгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага очиж шалгасан нэртэй ч ямар нэгэн байдлаар амыг нь үдээд явуулдаг. Төрийн харъяалалтай байгууллага нь байгаль орчиндоо ингэж хатуурхаж байхад гадныхан дураар авирлах нь аргагүй биз дээ” гэсэн юм.
Ямартаа ч, Их баян, Бага баян уулын 12 орчим горхиноос эх авч урсдаг Сэлбэ гол хүний буруутай үйл ажиллагаанаас болж бохирдох болжээ. Энэ асуудалд бид одооноос анхаарлаа хандуулахгүй бол хэдхэн жилийн дараа эн хавиар Сэлбэ гэж гол урсдаг байж билээ гэж яриад сууж байх вий дээ.
Шинэ цэвэрлэх байгууламж
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ