Эргүүлийн шинэ машинууд нууц камертай
Нийслэл хотод хүн амын төвлөрөл суурьшил нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амгалан тайван байдлын хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг алслагдмал хороо, иргэдэд хүргэхэд хөдөлгөөнт машинт эргүүлийг 2008 онд анх бий болгосон. Хөдөлгөөнт эргүүл нь нийслэлийн дөрвөн бүс 70 чиглэлд 24 цагаар тасралтгүй ажиллаж, 60 автомашинтэй эргүүл хийж ирсэн. Эдгээр автомашинуудын ашиглалтын хугацаа ирэх 2014 оны нэгдүгээр сард дуусах юм байна.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт “Киа Рио” маркийн 75 автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбай дээр боллоо. Ёслолын ажиллагаанд ХЗДХ-ийн Х.Тэмүүжин, НИТХ-ын дарга Д.Баттулга, НЦГ-ын дарга хурандаа Д.Батжаргал тэргүүтэй албаныхан, “Киа Моторс Монгол” ХХК-ийн төлөөлөл, нийслэл дүүргийн цагдаагийн албан хаагчид тус тус оролцлоо.
НЦГ-ын дарга хурандаа Д.Батжаргал энэ үеэр “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар олгож буй 2013 оны эдгээр автомашинуудыг сонгуулийн хамгаалалтад ашиглаж, цаашид нийгмийн хэв журам сахиулах хөдөлгөөнт машинт эргүүлийн чиглэлээр ашиглана. Эдгээр автомашинуудын 69 нь “Киа Рио” загварын суудлын жижиг тэрэг бөгөөд 18.5 сай төгрөгийн үнэтэй. Харин 6 нь “Киа карнивал” загварын жийп машин бөгөөд уг машины дуут дохионы урд дуран байршуулсан. Уг дуран нь өмнөө яваа тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг уншин дотор байрлах дэлгэцэнд гаргах юм. Хэрэв уг тээврийн хэрэгсэл зөрчилтэй бол дохио өгөх тул хулгайлагдсан болон зөрчилтэй, хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгсэлийг илрүүлэх боломжтой болж байна”гэв.
П.Наран
Гэрэл зургийг Б.Батжаргал






















СЭТГЭГДЭЛ БИЧИХ