"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-д хариуцлага тооцох ёстой гэв
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, Дорнод аймгийн Матад сумын иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийг “Монголын шүүхээр тоглоом хийж байна. Тэдэнд хариуцлага тооцох ёстой” хэмээн мэдэгдэв.
6
Тэд 2010 онд “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирч, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчсөнтэй холбогдуулан Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргажээ.
6
Гэвч анхан шатны шүүх хурал гурван удаа хойшилсны дараагаар дөрөв дэх удаагийнхаа хуралдаанаар 854 тоот шийдвэрээр “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоож, байгаль орчинд учирсан хохирол болох 1 тэрбум 356 сая 622 мянга 460 төгрөгийг тус компаниас гаргуулж Матад сумын төсөвт олгохыг даалгасан байна.
“ПЧДТ” ХХК нь энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдлыг Нийслэлийн шүүх, Монгол Улсын Дээд шүүх, цаашлаад Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх эсэргүүцэл бичүүлэхээр гомдол гаргасныг тус тус хянаад шүүхээс гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзжээ.
6
Гэтэл “ПЧДТ” ХХК нь өнгөрөгч хоёрдугаар сард “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлтийг Улсын Дээд Шүүхэд гаргасныг хурлаар хэлэлцээд хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Мөн өнгөрөгч тавдугаар сард энэ байдлаа давтаж тус компани “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэх байсан ч хариуцагчийн тал буюу компанийн өмгөөлөгчийн хүсэлтээр, мөн өмнө нь тус хэргийг шүүх хуралд оролцож байсан шүүгчид энэ шүүх хуралд оролцож байна гэсэн үндэслэлээр хэд хэдэн удаа хурлыг хойшлуулжээ.
6
Ийнхүү “Петрочайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК нь Монголын шүүхийн бүх шатаар асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж, хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нэгэнт эхлээд явж байтал ямар ч үндэслэлгүйгээр хоёр ч удаа “шинэ нөхцөл байдал үүсчихлээ” гэж шүүх хурлыг олон удаа хуралдуулж байгаа нь Шүүхийн байгууллагыг үл тоомсорлон тоглоом хийсэн үйлдэл гэж тэд үзэж байгаа юм.
Матад сумын иргэд ийнхүү дургүйцлээ илэрхийлж энэхүү нөхцөл байдлыг таслан зогсоон шүүхийн шийдвэрийн дагуу компанийг хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг хууль сахиулагчдаас хүссэн юм.
6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ