Гадаадын 40 гаруй сэтгүүлч сонгуулийг сурвалжилна
Гадаад харилцааны яам Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран энэ сарын 23-ны өдөр гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчид, гадаадын ажиглагч, сурвалжлагч нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэлдээ сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалт Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу хангагдсан тухай мэдээлэв. Тэрбээр “Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч ажиллаж байна. Мөн гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа. Хилийн чинад дахь 39 Дипломат төлөөлөгчийн газарт нийт 169 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн 39 салбар комисс байгуулагдан ажилласан бөгөөд гадаад улсад амьдарч буй саналаа өгөхөөр бүртгүүлсэн 6233 иргэнээс 4248 иргэн буюу 68.2 хувь нь саналаа өгөөд байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад байгаа сонгогчдоос авсан саналыг тоолж, дүн гаргах ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд эдгээр иргэдийн саналыг сонгуулийн санал авах өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 26-ны орой 22:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооны байранд нээж, санал тоолох төхөөрөмжид хийнэ” гэжээ.
Мөн өнөөдрийн байдлаар нийт 35 улс орон болон Олон улсын байгууллагаас 400 гаруй орчим ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх аваад байгаа бол сонгуулийг сурвалжлахаар нийт 20 орчим гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сурвалжлагч бүртгүүлээд байгаа тухай мэдээллэсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ