ЕАБХАБ-д нэгдэх асуудлаар Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан мэдээлэл хийжээ

img

Монгол Улсаас Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан Европ, Хойд Европ болон Төв Азийн 56 улсыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-д Монгол Улс хамтын ажиллагааныхаа түвшинг ахиулж оролцогч орноор (гишүүнээр) нэгдэх хүсэлт албан ёсоор гаргасантай холбогдуулан нээлттэй мэдээлэл хийв. Элчин сайд Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа гуравдагч хөршийн бодлого, Монгол Улс-ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны талаар болон тус байгууллагад нэгдэх болсон үндэслэл, байгууллагын өмнө хүлээх үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, оролцогч орнуудын зүгээс сонирхсон асуултанд хариулав. Дээрхи нээлттэй мэдээллийн үеэр ЕАБХАБ-ын оролцогч орнууд Монголын энэхүү санаачилгыг эерэгээр хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Мөн түүний зэрэгцээ ЕАБХАБ нь үйл ажиллагааныхаа хамрах цар хүрээг тэлж Евроатлант, Евразийн аюулгүй байдлын орон зайг хамарсан байгууллага болж өргөжих цаг болсныг уулзалтад оролцсон зарим хүн тэмдэглэж байв. Монгол Улс ЕАБХАБ-д нэгдэх асуудлаар цаашид нарийн зөвлөлдөж 12 дугаар сард Вильнюс хотноо болох тус байгууллагын Гадаад хэргийн сайд нарын бага хурлаас өмнө нэгдсэн нэг шийдэлд хүрэх нь зүйтэйг үг хэлсэн олонхи төлөөлөгчид тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ