Жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүргийн талаар Вена хотод ярилцлаа

img

Монгол Улсын НҮБ-д гишүүнээр элссэний 50 жилийн ойн хүрээнд БНАУ-д суугаа ЭСЯ Австрийн Гадаад бодлого, НҮБ-ын нийгэмлэгтэй хамтран Вена дахь дипломат корпус, гадаад бодлого судлаачид, сонирхогчид оролцсон “Өөрчлөгдөн буй дэлхийд жижиг болон дунд хэмжээний улс орнуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр дугуй ширээний уулзалтыг энэ сарын 15-ны өдөр Вена хотод зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг БНАУ-ын Гадаад хэргийн сайд асан В.Пар даргалан явуулсан бөгөөд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан, Финланд, Индонези, Өмнөд Африк, Чили зэрэг улсын элчин сайд нар тус тус илтгэл тавьж сэдвийн хүрээнд санаа бодлоо илэрхийлж өргөн ярилцлага өрнүүлэв. Дугуй ширээний уулзалтаар НҮБ-ын шинэчлэлээс авахуулаад олон улсын харилцаанд жижиг болон дунд хэмжээний орнууд ямар үүрэг гүйцэтгэж ирсэн, даяарчлагдаж буй шинэ нөхцөл байдалд ямар үүрэг гүйцэтгэж болох, эдгээр улс өөр хоорондоо хэрхэн хамтран ажиллах боломж байгаа зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна. Уулзалтын хүрээнд Монгол Улсын элчин сайд Монгол Улсын гадаад бодлого, НҮБ-ын хүрээнд явуулж ирсэн бодлого, гаргасан санал санаачилгын талаар мэдээлэл хийсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ