Жаргалантад үер буужээ

img

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгонд өчигдөр үер бууж хэд хэдэн айлын гэр урсчээ. Тодруулбал, өдрийн 15.00 цагийн үед уулын хэсгээр 30 минутын турш хүчтэй бороо оржээ. Үүнээс болж  нэг айлын гэр усанд урсаж, 2-3 айлын хашаа эвдэрч, 4-5 айлын хонь, ямаа усанд урссан байна. Гэхдээ үерийн улмаас хүн бэртэж гэмтээгүй гэнэ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо орсны улмаас Буянт, Хангай нуруунаас эхтэй Таац, Нарийнтээл, Сагсай, Ховд, Харбут, Чигэртэй, Булган голын усны түвшин үерийн түвшинг давжээ. Мөн Завхан, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт уулын үер бууж, зарим айл өрх усанд автсан байна. Энэ дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын хэлтсүүд голын сав дагуу болон үерийн аман дээр суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн Дэлгэрмөрөн болон томоохон голын ойр орчимд зусаж байгаа айл өрхүүдэд нүүх мэдэгдэл хүргүүлж байна. Мөн Хөвсгөл нуурын ойр орчимд урьдчилан сэргийлэх үүднээс аврах бүлэг есдүгээр сарын 15 хүртэл ажиллах аж. Ус, цаг уур орчны хүрээлэнгээс авсан мэдээллээр энэ сарын 26, 29-нд нутгийн зүүн хагаст, 27, 28-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг үер, усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. Он гарсаар гол усанд унаж 30 хүн амь насаа алджээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ