“Буга шүтээн” номын хурим болов

img

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат яруу найрагч М.Хүрэлсүх “Буга шүтээн” нэртэй шинэ цомог, яруу найргийн номын нээлтээ өчигдөр “Интер” номын дэлгүүрт хийлээ. Нээлтийн ажиллагаанд Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Монгол улсын ардын жүжигчин дуучин А.Долгор болон номын нөхөд тэргүүтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр яруу найрагч М.Хүрэлсүх  Монгол Улсын соёлын тэргүүний  ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

 .

Яруу найрагч М.Хүрэлсүх дууны шүлгээрээ алдартай.  Түүний бичсэн дууны шүлэг хоёр жил дараалан “Морин хуур” наадмын тэргүүн байр хүртэж байжээ.  Тодруулбал, 2011 оны “Морин хуур” наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн дуу түрүүлсэн гэдэг. Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ жилийн “Морин хуур” наадмаас гранпри хүртсэн юм. Түүнчлэн түүний олонд танигдсан уран бүтээлээс нь дурьдвал, хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Өрлөг ижий говь”, “Бүүвэй ээж”, “Сэлэнгэ сайхан нутаг, “Цас бид гурав”, “Төөрөг”, “Энхрий үрс” зэрэг дуунууд болно. Тэрбээр  “Буга шүтээн” хос бүтээлээсээ өмнө “Нармай Монгол” ном, “Зөв совин ивээж байна” цомгоо гаргаж, уран бүтээлийн цэнгүүнээ хийж байсан аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ