Хилс хэргээр ял эдэлсэн иргэнд 22 сая 70 мянган төгрөгийг олгохоор болжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Б нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2012 оны 4 дүгээр сарын 23-нд анх ханджээ. Тэрбээр гомдолдоо хилсээр хоригдон илүү хугацаагаар ял эдлэн хохирсон тухайгаа бичсэн аж.
Иргэн Б-гийн давж заалдах гомдлыг 2003 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн шүүх хянан хэлэлцээд 25 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 6 жилийн хорих ялыг 4 жил болгон өөрчилж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч түүнд Нийслэлийн шүүх магадлалыг гардуулж өгөөгүй, ялаа эдэлж дуусаад гарсныхаа дараа 25 тоот магадлал гарсныг мэдэж, хууль бусаар чанга дэглэмтэй нөхцөлд, илүү хугацаагаар ял эдэлсэн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан аж. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн иргэний гомдолд холбогдох хяналт шалгалтын ажиллагааг удаа дараа явуулсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдийг ноцтой зөрчсөн хэмээн тогтоож иргэн Б-г төлөөлөн Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
ХЭҮК-оос гаргасан төлөөлөн нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх 2013 оны 6 дугаар 21-ний өдрийн шүүх хуралдаанаараа хэлэлцээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас 22 сая 70 мянган төгрөгийг гаргуулан иргэн Б-д олгуулахаар шийдвэрлэжээ
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ