Нийслэлийн сонгуулийн хороо санал хураалтын явцыг 4 цаг тутамд мэдээлнэ
Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар нийслэлийн хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
Мэдээлэлд “Нийслэлийн сонгуулийн хороо нь хуулийн дагуу 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд 9 дүүргийн сонгуулийн хороо, 368 хэсгийн хороонд нийт 2646 төрийн албан хаагч, Нийслэл дүүргийн мэдээллийн технологийн багт 43 ажилтан, хэсгийн хороодод 407 даамал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 841 858 сонгогч санал өгөхөөр үндсэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдээс 5148 сонгогч зөөврийн саналын хайрцгаар санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, хуулийн дагуу өнөөдөр санал авах ажиллагаа явагдаж байна.
Дүүрэг, хэсгийн хороодод ажиллаж буй нийт ажилчид нэгдсэн мэдээллээр бүрэн хангагдсан бөгөөд нийт хэсгийн хороо бүр дээр хяналтын камер, дэлгэц байршуулж, цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан.
Өнгөрөгч долоо хоногт санал авах машины ажиллагааг шалгах туршилтын санал авах, өгөгдөл дамжуулах ажиллагаа амжилттай болсон. Гэвч тог тасрах, санал авах машин гацах зэрэг учирч болох эрсдэл гарч болзошгүй учраас Нийслэлийн сонгуулийн хороо, дүүргийн хэсгийн хороодууд бэлтгэл ханган ажиллаж байна. Маргааш /06 сарын 26/ нийслэлийн хэмжээнд 07 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль эхлэнэ.Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажилллагыг гадаадын 34 улс, ОУ-ын байгуулагын 400 орчим ажиглагчид ажиглахаар албан ёсоор бүртгүүлээд байна. Нийслэлийн сонгуулийн хорооноос санал хураах үйл явцыг олон нийтэд нээлттэй ил тод болгоход анхаарч бүх хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж, сонгуулийн үйл явцыг онлайнаар хянах боломж бүрдүүллээ. Мөн сонгогчид хаана санал өгөхөө мэдэхгүй байгаа тохиолдолд 1199 тусгай дугаарын утсанд хандан өөрийн харъяа санал өгөх хэсгийн хорооны байршлыг тодорхой заалгах боломжтой юм. “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Захирамжийн дагуу: -Бүх төрлийн зах, худалдааны төвүүд амарна. -Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. - Нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно.
Мөн 06 сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон тул нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины дугаарын хязгааралалт энэ өдөр үйлчлэхгүй юм. 2013 оны 6 дугаар сарын 26-ны өглөөний 07 цагаас сонгуулийн санал авах ажиллагаа эхлэснээс хойш 4 цаг тутам буюу 11, 15, 19, 23 цагуудад ирцийн мэдээлэл дүүргийн сонгуулийн хороодоос нэгтгэгдэн ирэх бөгөөд тухай бүрд нь Нийслэлийн сонгуулийн хорооноос сэтгүүлчид болон олон нийтэд мэдээлэл өгнө” гэлээ. Ийнхүү нийслэлийн хэмжээнд сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу эхлэхэд бэлэн боллоо. Харин нийслэлчүүдийг үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж сонгуульдаа идэвхитэй оролцохыг Нийслэлийн сонгуулийн хорооноос уриалж байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ