Унаач хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

img

Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын асуудлаар Даатгалын компаниудтай уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар хурдан морь унаач хүүхдэд ээлтэй хэлбэрээр ослын даатгалын хэлбэрийг өргөжүүлэх хөгжүүлэх, түүний шимтгэл хураамж, нөхөн олговорын хариуцлагыг нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.

Уг уулзалтын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар даатгалын компаниудтай хамтран хурдан морины унаач хүүхдүүдийн даатгалын асуудлыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа мэдээлжээ. Энэ хүрээнд долдугаар сарын 1-10-ны өдрүүдэд хурдан морины унаач хүүхдүүдийг орон даяар цахимаар бүртгэх аж.

Ингэснээр унаач хүүхдүүдийн мэдээллийг ил тод, боловсронгуй болгох юм байна. Цаашилбал, хүүхдүүдийн мэдээлэл тодорхой болсноор унаач хүүхдүүдийн даатгалын тогтолцоо ч бас боловсронгуй болох боломжтой.  Одоогоор унаач хүүхдүүд уралдаанд оролцох бүрдээ даатгуулдаг ч иргэдийн даатгалын талаархи мэдлэг дутмаг, нөхөн төлбөр олголт ч бас тун хангалтгүй байдаг.

Даатгалын тогтолцоог боловсронгуй болгосноор хүүхдүүдийг хамгаалж, эрсдлийг бууруулахаас гадна морин уралдааныг илүү шинжлэх ухаанчаар, спорт талаас нь хөгжүүлэх боломжтой гэж албаны хүмүүс үзэж байгаа ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ