Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр улс орон даяар өглөөний 07.00 цагаас эхэллээ. Сонгуулийн санал хураалт үдшийн 22.00 цаг хүртэл явагдана. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 69 дүгээр тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж явуулахаар заасан. Хууль тогтоомжид заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлыг ханган аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 баг, 2271 мэдээллийн технологийн даамал, 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна. Мөн цагдаа /2673/, тагнуулын байгууллагын алба хаагчид сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 1.856.190 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ