Эх орон мишээж байна
Эзэн Чингис, Их Монгол улсаас улбаалсан 800 зууны түүхтэй Монгол орон, амар амгалан оршоосон, шинэ ногооны үнэр, чийг сэнгэнэсэн зөөлөн салхитай өвөрмөц, нам гүм өглөөг угтан авлаа. Энэ өглөө яруу найрагчийн дүрслэн хэлсэн, хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд морь ,дээл хоёроороо өнгө ижилсүүлсэн Монгол сайхан хос ,нар тосон мордсон байгаа. Тэд өнөөдөр улс гэрийнхээ нэгэн их хэргийг шийдэлцэж,үзэгний үзүүр эргүүлж,төрийн эрхээ барихаар ухаан нэрж яаруухан яваа.
.
Өнөөдөр Монгол улсын 6 дах Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын өдөр.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ сарын 16-нд ирүүлсэн мэдээгээр нийтдээ 1.856.190 иргэн сонгогч саналаа өгөхөөр орон даяар хөдлөх учиртай.Үүнээс Нийслэлийн хэмжээнд нийт 841 мянга 858 сонгогч саналаа өгнө.
.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах аймаг нийслэлийн нийт 22, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, хэсгийн 1896 хороо байгуулагдан санал авах ажлыг зохион байгуулах бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Нийт хороодод 15863, улсын хэмжээнд сонгуулийг зохион байгуулахад 20 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
.
Автоматжуулсан системээр сонгуулийн санал авах бэлтгэл ажлыг хангахаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дэргэд 146 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг, 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2276 даамал тус тус ажиллаж байна. Мөн иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2500 ажилтан болон цагдаа, тагнуулын байгууллагынхан аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа.
.
Сонгуулийг ажиглахаар нийт 34 орны 385 ажиглагч өнөөдрийн байдлаар Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна. Үүнд АНУ-аас 31, ХБНГУ-аас 40, ОХУ-аас 40, Шведээс 10, Канадаас 11, Францаас 15, Дани улсаас 12 гэх мэт орны ажиглагчид байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.40 цагаас Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар дунд сургуульд, 11.00 цагаас УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргийн 45 дугаар дунд сургуульд, 10.10 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуульд байрлаж буй хэсгийн хороодод тус тус очиж саналаа өгнө. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 08.00 цагаас мөн тус дүүргийн 45 дугаар дунд сургуульд санал өгсөн.
.
Нийслэл хот зугуухан хөдөлгөөнд орж иргэд сонгогчид нар даган тааваараа дээшилж харьяа сонгуулийн хэсгийн хорооруугаа хөдөлж эхэлж байна. Энэ өдөр үйл явдлын хувьд хамгийн түүхэн, өнгө байдлын шинжээрээ хамгийн тайван оршиж ,эзэн болсон иргэд нь эрхээ эдэлж, төрөө дээдэлж сонгуулиа өгөхийг нь харж, Эх орны минь тэнгэр нь мишээсэн сайхан эхлэлтэй байна.. Сонгуульдаа идэвхтэй оролцож өнөөдрөөс сайхан маргаашийг угтацгаая Залуусаа.
.
П.Баярхүү /тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ