Н.Эрдэнэ-Очир: Санал хураалтыг гар ажиллагаанд шилжүүллээ

img

Сонгуулийн санал хураах үйл явц эхлээд гурван цаг орчмын дараа буюу 10.22 цагт Дундговь аймгийн Хулд сумын 35 дүгээр хэсэгт санал тоолох төхөөрөмжийн сим карт гэмтжээ. Иймд сонгуулийн хуулийн дагуу хяналтын хэсэг хуралдаж 10:47 цагт санал хураалтыг гар ажиллагаанд шилжүүлжээ.

Энэ талаар Дундговь аймгийн сонгуулийн хорооны дарга Н.Эрдэнэ-Очироос тодрууллаа.

Тэрбээр “Аймгийн сонгуулийн хороо нөөцөд байгаа төхөөрөмжийг Хулд сум руу 11 цаг 15 минутын үед явууллаа. Одоо Улаанбаатар хотоос мэдээлэл технологийн тусгай ажилтнууд ирж байгаа. Өөр зөрчил, гомдол гараагүй. Хулд сум аймгийн төвөөсөө 98 км зайтай. 47 хэсгийн хороонд нийт санал тоолох 48 төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нөөцөд 4 төхөөрөмж ирсэн. Хэсгийн хороод өглөө 07.00 цагт санал хураах үйл ажиллагаагаа эхлэх үед Дэрэн сумын 19, 21 дүгээр хэсэг, Адаацаг сумын 2 дугаар хэсэгт иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтны сонгогчийн нэрийн жагсаалтын мэдээллийн сан бүхийн тоног төхөөрөмж болон санал тоолох төхөөрөмж кодоо уншихгүй алдаа заасан. Энэ саатлыг 20-30 минутын дотор засч, төхөөрөмжүүд хэвийн ажиллагаанд шилжүүллээ. 14 цагийн байдлаар Дундговь аймгийн нийт сонгогчдийн 41,90 хувь нь санал өгөөд байна” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ