Сонгууль 2013. Залуустаа баярлалаа

img

1 сарын 13-нд тухайн үеийн АИХ-аар баталсан Монгол Улсын Үндсэн хуулинд Монголын ард түмэн бид “Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн байдаг. . Энэхүү эцэг хуулиндаа тунхаглан заасан ард түмний эрхэм зорилгыг ханган биелүүлэх жолоог зангидан, залах төрийн тэргүүнээ сонгох сонгууль орон даяар явагдаж байна. Сонгууль хэвийн үргэлжилж байгаа талаар эх сурвалжууд минут, цаг тутам мэдээлсээр байна. Хөвсгөл зэрэг баруун аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орж сонгогчдын сум төв дээрээ ирж саналаа өгөхөд хүндрэлтэй байгаа талаар ч мэдээ байна. Гэхдээ манай хөдөөний малчин иргэд 20-30 км замыг туулж Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд саналаа өгч буй юм. Үүний нөгөө талд 20-30 метр алхаад саналаа өгөх боломжтой нийслэлийн залуус маань ч идэвхтэйгээр саналаа өгч эхэлжээ.

. Өдрийн 12 цагаас хойш залуусын саналаа өгсөн хувь нэмэгдсээр байгаа мэдэээллүүд байна. Мөн саналаа өгсөн тасалбараа бариад гараад ирвэл энд тэндээс авах урамшуулал бонус багагүй байгаа гэнэ. Саналаа өгөнгүүт 1000 нэгж ороод ирнэ, үүн дээр санал өгсөн тасалбараа үзүүлээд Өргөө кино театрт 1000 төгрөгөөр хүссэн киногоо үзэх боломжтой болсон талаар сураг ч дуулдлаа.

. Эх орондоо эзэн нь гэдгээ харуулж, Монгол улсынхаа төрийн тэргүүнийг сонгох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгч байгаа Залуустаа баярлалаа. Арайхан саналаа өгч  амжаагүй яваа хэн нэг байгаа бол 4 жилд нэг өдөр олдох эрхээ эдэлж, яг одоо гараад хаягаараа саналаа өгчихөөрэй. Энэ сонгууль, залуус та бүхний идэвх оролцоогоор өргөжиж 99 хувийн ирцтэй сонгууль болох биз ээ. . "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн ёслол төгөлдөр хэлэх МУ-ын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль үргэлжилж байна.

.

П.Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ