Оршин суугаа хаяг дээрээ байхгүй удсанаас саналаа өгч чадсангүй

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль өнөөдөр 07.00  цагт улс орон даяар эхэлсэн. 15.00 цагийн байдлаар  нийт аймгуудын хэмжээнд сонгогчдын  43.3, нийслэлийн сонгогчдын  42.7,  улсын хэмжээнд сонгогчдын 43  хувь нь саналаа өгөөд байгаа талаар СЕХ-ноос мэдээлсэн.Ингээд бид сонгогчдын идэвх хэр байгааг сонирхож, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар хэсгийн хороонд очиж, хэсгийн хороодын ажилчид болон иргэдийн саналыг сонссон юм.

 .

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар хэсгийн хорооны хэсгийн ахлагч Х. Эрдэнэчимэг

Сонгуулийн үйл ажиллагаа элдэв зөрчилгүй хэвийн явагдаж байна. Манай хэсэгт 2267 хүн саналаа өгөхөөс, 14.30 цагийн байдлаар 900 гаруй сонгогч буюу нийт сонгогчдын 44 хувь нь саналаа өгөөд байна.

Ер нь хүмүүс саналаа идэвхтэй өгч байна. Залуучууд ч идэвхтэй байна. Хүмүүс саналаа өгөхөөр тасралтай ирж байна. Зарим хүмүүс нэгж өгч байгааг сайн мэдэхгүй байх шиг байна. Бид нар ч нэгж өгч байгааг мэдээгүй байсан. Бүртгэлийн хуудас дээр нэгж авах код нь байгаа юм байна. Манай хэсэг дээр  намаас нийт 10 ажиглагч ажиллаж байна.

.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Мягмарсүрэн

-Саналаа өгөөд явж байна.  Энэ удаагийн сонгууль маань элдэв будилангуй, зөрчилгүй, ирц сайн байгаасай гэж бодож байна. Хэрэв сонгуулийн ирц хүрэхгүй, энэ удаагийн сонгууль хүчингүй болох юм бол дахиад л их хэмжээний мөнгө зарлагдах болно. Уг нь сонгуульд янз бүрийн мөнгө төгрөг урамшуулал олгож болохгүй гэж хуулинд заасан байгаа.

Гэтэл нэгж өгч байгаа нь  дэмий зүйл гэж бодож байна. Сонгууль өгнө гэдэг бол иргэн бүрийн заавал биелүүлэх үүргийн нэг. Сонгогчдыг сонгуульдаа идэхтэй оролцоорой гэж хэлмээр байна.

.

Сүхбаатар дүүргийн иргэн Э.Эрдэнэбат

-Би 17 хорооны 37 гудамжинд оршин суудаг. Саналаа өгөх гээд иртэл тухайн хаяг дээр бүртгэлтэй боловч хасалт хийгдсэн байна гээд саналаа өгч чадсангүй. Энэ хаяг дээрээ байгаагүй удсан учраас хасалт хийсэн гэж байна.

Ингээд бид саналаа өгөх боломжгүй болсон уг иргэний асуудлыг тухайн хэсгийн хорооны сонгуулийн ажилтнаас тодруулахад, "Энэ сонгогч хариуцлагагүй хандсан байна. Өөрийн нэрийг сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа эсэхийг сонгууль болохоос өмнө шалгах ёстой байсан" гэсэн юм.

6

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ