Хятадын Шинжаан-Уйгарын дүүрэгт үймээн самуун гарч наад зах нь 27 хүн амиа алдсан тухай “ВВС” мэдээллээ. Хутгаар зэвсэглэсэн хүмүүс цагдаагийн хэд хэдэн машиныг шатааж, орон нутгийн засаг захиргааны байр руу дайрсан тул цагдаа нар гал нээсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. “Синьхуа” энэ хэрэг Үрэмчээс 200 км-ийн зайд оршдог Луккун хотод болсон гэжээ. Дээрх мэдээллийг нотлоход хүндрэлтэй байдаг. Учир нь Хятадын засаг захиргаа хатуу хяналт тавих үүднээс мэдээллийг гажуулдаг.
Шинжаан-Уйгарын нутгийн суурин иргэд хятадын хань үндэстнүүдтэй үе үе зөрчилдөж ийнхүү үймээн самуун гаргадаг юм.
Бууны суманд 17 хүн өртсөнөөс тэдний ес нь хүчний байгууллагын, найм нь энгийн иргэн байжээ. Цагдаа нар арван босогчийг буудсан аж.
2009 онд энэ муж нутагт 200 гаруй хүн амиа алдсаны ихэнх нь хятад хүмүүс байв. Мөн 1600 гаруй хүн бэртэл гэмтэл авч байсан юм.
Шинжааны хүн амын ихэнхийг лалын шашинтай уйгарууд эзэлдэг. “ВВС”-ийн сэтгүүлчийн мэдээлж байгаагаар уйгарууд хань үндэстэн буюу хятадууд үй олноор нутагт нь суурьшиж байгаад ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн бололтой.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ