Ч.Содномцэрэн: МАН-ынхан хууль зөрчлөө

-АН-ынхан мөнгө тараасан гэх асуудлыг МАН-ынхан мэдээллээ. Энэ асуудалд танай хороо ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-АН-аас мөнгө тараасан гэх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Харин МАН-аас хэвлэлийн бага хурал хийсэн гэх мэдээллийг сайтууд гаргаж байгааг иргэд, сонгогчид манайд мэдээлж байна. Сонгуулийн тухай хуульд улс төрийн намууд санал хураалтын явцад хэвлэлийн хурал зарлаж, хийхийг хориглосон байдаг. Сонгуулийн тухай хуулийн 33.3-т “Сонгуулийн санал хураалтаас нэг хоногийн өмнө 00.00 цагт сонгуулийн сурталчилгааг зогсооно” гэж заасан байдаг. Уг хуулийн дагуу нэр дэвшүүлэгч нэг улс төрийн нам хэвлэлийн хурал хийж болохгүй. Иймд МАН-ынхан хууль зөрчиж байна. Санал авах өдөр хууль зөрчсөн баримтыг цуглуулж байна. Сонгуулийн дараа холбогдох байгууллагад баримтуудыг илгээж, арга хэмжээ авахуулна.
.
-Санал хураалттай холбоотой ямар нэг зөрчил гомдол ирсэн үү?
-Ирээгүй.
.
-Гадаадаас нийт хэдэн ажиглагч ажиллаж байгаа вэ?
- АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 35 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч СЕХ-нд бүртгүүлж, ажиглаглалт хийж байна. Тэд бүх аймаг, дүүргийн хэсгийн хороодод санал авалтын үйл ажиллагааг ажиглаж байна. Нэг хэсгийн хороонд 2-3 гадны ажиглагч ажиглалт хийж байгаа. Үүнээс гадна нэр дэвшүүлсэн гурван намаас 20 гаруй мянган ажиглагч мөн ажиллаж байна.
.
-Орон нутагт үе ихтэй байгаа мэдээлэл байна. Үүний улмаас иргэд саналаа өгч чадахгүй байгаа талаар түрүүн мэдээллэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Хэнтий аймаг, Онон, Балжийн гол үертэй байгаа. Хөвсгөл аймагт мөн гол үерлэснээс болж нутгийн зарим иргэдийн хувьд саналаа өгөхөд бэрхшээл үүсээд байсан. Энэ асуудалд Онцгой байдлын Ерөнхий газраас онцгой анхаарч иргэдийг гол гаргах ажлыг зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос Онцгой байдлын газрынхантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэн шаардлагатай тохиолдолд хөвөгч завь тээвэрлэн хүргэх зэрэг ажил өрнөж байна.
.
-Иргэдийн дунд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй бол найман хувийн орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болж байна гэх мэт цуу үг явж байгаа, энэ нь үндэслэлтэй юу?
-Энэ мэт цуу яриа нь ор үндэслэлгүй мэдээлэл шүү
.
-Сонгуулийн машин нь бүхээгтэй болсон, сонгуульд оролцсон иргэдэд үлдэх ягаан хуудсыг Сонгуулийн штаб дээр нь хурааж авсан шалтгааныг тайлбарлаач?
Энэ жилээс санал тоолох машинд бүхээг хийсэн. Энэ нь саналын хуудсанд хэнийг дэмжсэн гэдэг нь машинд уншуулах үед бусдад харагдах боломжтой байна гэдэг гомдол гарсантай холбоотой. Харин санал өгсөн сонгогчдын бүртгэл болгож цагаан болон ягаан хуудасны аль нэгнийг авч үлдэж байгаа, үүнд асуудал байхгүй.
.
-19.00 цагийн байдлаар 57, 73 хувийн ирцтэй байгаа нь хэр хангалттай үзүүлэлт вэ?
- 2012 оны УИХ-ын сонгууль 20.00 цагийн байдлаар мэдээлэл сэтгүүлчдэд өгч байсан. Тухайн үед улсын хэмжээгээр 65,2 хувьтай байсан байна. Би энэ удаа нэг цагийн өмнө мэдээлж байгаа. Тиймээс өмнөх жилийн сонгуулийн ирцтэй ойролцоо гарч байгаа гэсэн үг.
.
-Санал авах машинууд эвдэрсэн гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Санал авах машинууд сайн ажиллаж байгаа. Ганц хоёр машины асуудал гарсан. Учир нь сонгогч саналын хуудсаа нугалж хийсны улмаас машин гацсан. Үүнийг санаатай хийв үү, санамсаргүй хийв үү гэдгийг хуулийн байгууллага шалгаж байна.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ