Ерөнхийлөгчийг дэмжсэн иргэд маргааш Сүхбаатарын талбайд цуглана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нийслэлд урьдчилсан байдлаар гараад байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэлийн долоон дүүрэгт ялалт байгуулаад байна. Түүнчлэн хөдөө орон нутаг дахь Ардчилсан намын ажиглагчдаас ирүүлж буй урьдчилсан мэдээгээр 53 орчим хувийн саналаар ялалт байгуулаад байна. Ард түмэн маань бидэнд итгэл хүлээлгэж байна. Үүний хариуд бид ирэх дөрвөн жилд улам илүү эрчтэй, хүчтэй ажиллана.
Ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлэхийн тулд шинэчлэлийн Засгийн газар маань урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй ажиллана. Авлигал, хээл хахууль, хүнд суртлыг арилгахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын их хуралтайгаа хамтарч, гар нийлэн ажиллана. Их бүтээн байгуулалтын ажлыг бид бүгдээрээ хамтарч үргэлжлүүлнэ.
Төр засгийг тогтвортой байлгах чиглэлд бид мөн гар нийлэн ажиллах болно. Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Засгийн газар, УИХ маань нэг баг болж, үлдэж байгаа хугацаанд монголчуудынхаа төлөө, монголчуудынхаа ахуй амьдралыг дээшлүүлж, хээл хахуулийг устгаж, их бүтээн байгуулалтыг улам далайцтай өрнүүлэхийн тулд хичээн зүтгэж ажиллахаа та бүхэндээ дахин илэрхийлье. Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж дахин санал өгсөн ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Ардчилсан Ерөнхийлөгчийг дэмжиж буй иргэд маргааш Сүхбаатарын талбайд 11.00 цагт цуглаж, баяраа хамт тэмдэглье” хэмээн хэллээ.
Б.Одон П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ