Ажилдаа шууд орох Ерөнхийлөгч
Хэлснээ хийдэг хүнийг дэмжиж өргөнө, ХАРИН... гэдэг сануулгыг энэ сонгуулиар Намууд болоод улстөрчдөд ард түмэн ойлгуулж байх шиг байна.
АН-с нэр дэвшигч Ц.Элбэгдорж урьдчилсан байдлаар 50 гаран хувиар ялсан дүн гараад байна.
Ард түмэнд хандсан хариу талархал илэрхийлэх ёслолоо хийгээд өнөөдрөөс дахин шинээр ажилдаа орох Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дараагийн амлалтаа биелүүлэх 4 жил цэлийж байна.
Өчигдөр УИХ-ын даргын мэдэгдсэнээр сонгууль даган завгүйдэж завсарласан чуулганыг наадам дамжиж хуралдаад ч базаж амжихааргүй олон хууль хэлэлцэх асуудал хүлээж байгаа гэсэн.
СЕХ нэгтгэсэн дүнг албан ёсоор мэдэгдээгүй байгаа тул хуучин ба шинэ Ерөнхийлөгчийн талаар үүнээс илүүг ярих нь одоохондоо илүүц болох биз.
Хүчтэй өрсөлдөж ялах хэмжээнд хүрээгүй ч чамлахааргүй санал авсан Б.Бат-эрдэнэ нэр дэвшигч түүнийг нэр дэвшүүлсэн МАН-д ард түмэн итгэл хүлээлгэсэн хэвээр байгаа гэдгээ харуулж, ирэх 4 жилд хүчтэй сөрөг хүчин байх төрийн манааны том үүргийг үлдээлээ. Монгол улсаа 21 оны хөдсөн дээлтэй хувьсгалчдаас өнөөдрийн хөгжсөн XXI зуунд Монголоо авч ирсэн энэ том намын гавьяа ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээр бүдгэрэхгүй юм. Олон удаагийн сонгуульд оройлон ялж ирсэн энэ намд ялагдлын урьдчилсан мэдээ гашуун амттай байгаа нь мэдээж.
МАН ч мөн адил өнөөдрөөс улс төрийн хүчний “сонгуулийн бус” ажилдаа орж улс орныхоо төлөө Зөвийг дэмжиж Эвийг эрхэмлэж ажиллахыг нь ард түмэн хүлээж байгаа. Парламентад олонх хийгээд Ерөнхийлөгчөөс мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэмжлэг авч чадах нь баталгаажсан АН-ын улс төрийн зорилго нь МАН-аа намнах шахах чиглэлээр яваад байвал тэр хэрээрээ дараагийн сонгуульд олны дэмжлэгийг алдах л болно. Тэгэхээр хамтарч “ажиллаж” өрсөлдөх учиртай.
Товчхондоо одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдсоноор өнөөдрийн явж байгаа замаараа өгсүүлээд үзье, нийлээд ажил гэсэн ард түмний шийдвэр тод харагдлаа.
Б.Бат-Эрдэнэ болоод Ц.Удвал нарын мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн улс оронд хэрэгтэй санаа, оноог авч өөрийн хөтөлбөрт суулган нэг мөр хэрэгжүүлнэ гэж амласнаа хэрхэн хэрэгжүүлэхийг нь Ц.Элбэгдорж хийх алхмуудаас ард түмэн харж хүлээх болно.
Өнгөрсөн сар орчмын хугацаанд төрийн тэргүүний төлөө нэр тодрон шударгаар өрсөлдсөн нэр дэвшигчид гурвуулаа хоёргүй сэтгэлээр Монголынхоо төлөө зүтгэх хүмүүс гэдгээ ард түмэндээ илэрхийлж харуулж чадсан.
Ирэх цагт ч Төрийг түших ухаан билэг төгс аавын хөвгүүд, охид эгнээгээ нэмж байх учиртай.
Монголын минь заяа тэгш сайхан болох нь гэсэн иргэд олны итгэл урам улам дэлгэрч ,биеллээ олох цаг ирж явна гэж найдмой.
П.Баярхүү /Тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ