Ц.Элбэгдорж: Ард түмэндээ баярлалаа
Их жанжин Сүхбаатарын талбай дээр дөнгөж сая Монгол улсын ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн ялалтын баярыг иргэд сонгогчид хамтдаа тэмдэглэв. Энэхүү баярын арга хэмжээнд монголын рок попын гурван оргил хамтлаг болох “Хурд”, “Харанга”, “Никитон”-ынхон хүрэлцэн ирж, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон ая дуугаараа бэлэг барьсан юм.
.
20-иод жилийн тэртээх “Хонхны дуу” эгшиглэж, ардчилсан нийгэм рүү шилжих тэр л үед өнөөдрийнх шиг хүн бүр нүдэндээ нулимстай, сэтгэл зүрхэндээ баяр хөөртэй зогсож байсныг санаж байна. Гэвч өнгөрсөн он жилүүдэд эрх баригчид ардчилсан Монгол улсын төлөө бус өөрийнхөө амин хувийн хэрэгцээг хэт их анхаарсан гэдгийг ард түмэн мартаагүй. Он жилүүдийг буцаах аргагүй ч монголчууд 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан хүчинг сонгож итгэл үзүүлсэн. Энэ удаад ч мөн адил монголын ард түмэн ардчилсан ерөнхийлөгчийг төрийн тэргүүнээр дахин сонгож итгэл үзүүлжээ.
.
Баяр хөөр, дуу хуураар бялхсан энэ л мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ард түмэндээ амалсан ёсоор баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Ард түмэндээ баярлалаа. Аав ээж минь болсон ард түмэн, их өвөг дээдэс нартаа баярлалаа. Өнөөдөр 2.8 сая Чингис Монголын талд сэрж байна. Би та бүхний төлөө, Монгол Улсынхаа төлөө өсгөсөн хүү шиг үнэнчээр зүтгэнэ. Хууль шударга ёсыг тогтоохын төлөө, хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэх болно.
.
Энэ удаагийн сонгууль дэлхийн нүдийг нээж, чихийг дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Ардчиллын буянаар алдартай аварга Б.Бат-Эрдэнэ нэр дэвшсэн. Мөн анх удаа эмэгтэй хүн нэр энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн нь ардчилал, ард түмний буян. Би тэдэнтэй хамтран ажиллана. Намайг дэмжсэн, өрсөлдөгчийг маань дэмжсэн ард түмний итгэлийг даахын төлөө шургуу ажиллана. Өнөөдөр сайхан өдөр байна. Монгол Улсын нэр хүндийг олон улсад сайнаар авч явахын төлөө зүтгэнэ. Дахин ард түмэн та бүхэндээ баярлалаа. Монгол түмний минь буян заяа хиймроь сүлд нь өөдрөг байх болтугай. Миний монгол мандутгай. Монгол Улсын төлөө зүтгэе. Баярлалаа” гэсэн юм.
.
Үнэхээр түүний энэ үг бүхэн үнэн байж, 20 гаран жил ардчилсан нийгэм нэрийн дор ард түмний болон нийгмийн амьдралд гарсан алдаатай оноотой бүхэн зөв болно гэдэгт итгэж байна. Өдгөө 2 сая 800 мянгуулаа монгол ахан дүүс минь нэгэн цагт дэлхийд дуурсгасан аугаа түүхтэй хүчирхэг улс байсан. Хойшид ч бидний түүх мөнхөд үргэлжилнэ. Тийм болохоор өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурал, архидалт үгүй болж, ард түмний амьдрал цэгцэрч, Монгол Улс жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжихийн замдаа орж чадлаа гэж харж байна. Ард түмний сонголт ч мөн ийм байсан бизээ. Тиймээс төрт улсаа төвхнүүлэхээр ард түмнийхээ итгэлийг хүлээн дахин төрийн тэргүүнээр сонгогдсон Ц.Элбэгдорж таньд “Үг нь үнэн байж, үйлс нь гэгээн байх болтугай” хэмээн ерөөл өргье.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ