Төв цэнгэлдэх рүү автобусаар үнэгүй зорчих боломжтой
Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөгөө гаргаж, удахгүй олон нийтэд танилцуулахаар болжээ. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа урьдын адил “А”, “Ж”, “ДК”, “Г”, “Ү” гэсэн зөвшөөрөл олгоно. “А” зөвшөөрөл нь “Оюунтүлхүүр” сангийн зогсоолын талбайд байх агаад хоёр дахь зогсоол нь Төв цэнгэлдэхийн ард талын барилгын хашаанд байрлана. “ДК” зөвшөөрлийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах авто угаалгын төвийн зогсоолын талбай бол “Ж” буюу жуулчдад зориулсан зогсоол “Оюунтүлхүүр” сангийн хашааны ард талын талбай буюу “А” зогсоолоос баруун тийш төв зам дагуух талбайг хамрах юм байна.
Харин “Г”, “Ү” зөвшөөрөлтэй автомашин нь “Japan town” хорооллын автомашины зогсоолын талбайд байрлахаар болжээ. Өнөө жилийн хувьд зөвшөөрөл аваагүй тээврийн хэрэгсэлд зориулан сул зогсоол гаргасан байна. Тухайлбал, Авто тээврийн газар, 120 мянгатын тойргийн “Jetro” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ, “Соёолж”, “Дүнжингарав” худалдааны төвийн зогсоолыг ашиглахаар болжээ. Тусгай зөвшөөрөл аваагүй наадамчид дээрх газруудад автомашинаа байрлуулаад “Дүнжингарав”, “Мишээл экспо” төв өөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобусаар үнэгүй зорчих боломжтой аж.
“Г”,”Ү” зөвшөөрлийг ЗЦГ-аас авах бол бусдыг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа газруудад борлуулна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ