Борлуулалтын гэрээнээс болж “Оюутолгой” экспорт хойшилжээ
ӨнөөдөрУул уурхайн яамаас хэд хэдэн асуудалд тайлбар өгөв. Тодруулбал, “Оюутолгой” компани энэ сарын 21-ны зэсийн баяжмалын экспортоо эхлэхээр төлөвлөж байсан ч дахин хойшилсон. Энэ асуудалд тус компанийн зүгээс Засгийн газрын хүсэлтээр экспортоо хойшлууллаа хэмээн гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан. Харин өнөөдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой” экспорт хойшилсон нь ЗГ-ын үйл ажиллагаатай холбоогүй гэв.
.
Тэрбээр “Экспорт хойшлоход Засгийн газар ямар ч хамаагүй. “Оюутолгой” компани Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ ТУЗ-ийн гишүүддээ үзүүлж, батлуулахгүй байгаагаас экспорт нь хойшилж байгаа юм байна. Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар. Энэ нь Монголын хуулиар их хэмжээний үнийн дүн бүхий хэлцэлд хамаарагдах бөгөөд компанийн ТУЗ нь батлах ёстой талаар Компанийн тухай хуулийн 88,1-д заасан байдаг. Гэтэл Борлуулалтын гэрээг Монголын талыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлэхгүй. Энэ нь Монголын Компанийн тухай хуулийг зөрчиж байгаагаас гадна компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчиж байгаа явдал юм” гэв.
.
Түүнчлэн, “Оюутолгой” компани бүтээгдэхүүн борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх данс руугаа шилжүүлэх юм. Хэрвээ Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд борлуулалтын орлогоо Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурийг Монголын тал баримталж байгаа юм байна.
Ачилт хийхээр төлөвлөж байсан "тов" хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байгаа үндсэн шалтгаан нь дээрх тайлбартай холбоотой юм. Дашрамд, энэ сарын 14-нд товлосон хугацааг 100 хувь “Рио Тинто”-гийн санаачилгаар хойшлуулсан ажээ.
.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ