
ОХУ-ын Казань хотноо ирэх сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад наадамд оролцох баг тамирчид, төлөөлөгчдийн байрлах “Тамирчдын тосгон” өнөөдөр албан ёсоор нээгдэх гэж байна.
Универсиадын тосгоны эхний ээлжийг 2010 оны 9 сард ашиглалтанд хүлээн авч 3 жилийн турш Казаний олон ИДС-ийн оюутнууд энэ хотхонд байрлан ашиглаж байв. Зохион байгуулах хороо, холбооны болон БНУ-ын Засгийн газрын хөрөнгөөр 53 га газарт тосгонг барьж, 274,000 кв.м талбайгаас энэхүү байгууламж бүрджээ. Тамирчдын тосгон нь наадмын үеэр нэг дор 12,976 төлөөлөгчдийг нэгэн зэрэг байрлуулах боломжтой. Тосгон дотроо 2 үндсэн хэсэгтэй, олон улсын төв ба амьдрах байруудын хэсэг гэж хуваагдана. Мөн байрууд нь 3 үндсэн хэсэгт цуваа байдлаар оршиж, 4-13 давхар барилгуудтай 28 байшингаас бүрдэж байгаа юм. Тосгонд банк санхүү, худалдаа үйлчилгээ зэрэг бүх төрлийн газруудтай ажээ.
Наадмын дараагаар Казаний их, дээд сургуулиудын оюутнуудын нэгдсэн хотхон болж, оюутнууд үргэлжүүлэн амьдрана. Мөн Волга бүс нутгийн Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургуулийн оюутнууд энд амьдарна. Тамирчдын тосгон нь нисэх буудлаас ойрхон, Казань хотын Приволский дүүргийн Парина гудамж дагуу ногоон байгууламжуудын дунд байрлаж байна. Тосгон нь автобус, Проспект Победи метроны буудлуудаас холгүй оршдог. Тосгонд тамирчдын бие халаалт хийх задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, тренежерийн заал, бэлтгэлийн төвүүдийг оролцуулан байгуулжээ. Тамирчдын тосгонд байрлах “Олон улсын төв”-д тэднийг хүлээн авах, бүртгэх төвүүд байрлаж наадамд оролцох эрхийг ОУОСХ-ны хяналтын хорооноос олгоно.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ