Багш мэргэжил сонговол 75-100 хувийн тэтгэлгийг Төрөөс олгоно

img

Монголын боловсролын үзэсгэлэн, яармагийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.  Тэгвэл энэ жилийн үзэсгэлэн өчигдөр Blue sky” цамхагт  нээлтээ хийсэн. Уг үзэсгэлэнг БШУЯ-ны дэмжлэгтэйгээр МОХ-ноос санаачлан  зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр дуусах юм байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийг  их, дээд сургуульд элсэн суралцах шийдвэрээ бүрэн гаргаагүй эсвэл сонгосон сургуулийнхаа танилцуулга, тавигдах шаардлагыг судлах хэрэгтэй төгсөгчдөд зориулж зохион байгуулж байгаагаараа онцлог юм байна.

Үзэсгэлэнд Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулийн консерциум оролцох аж. Энэ үеэр их, дээд сургууль, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Монголын “ТОП-50” сургуулийг танилцуулж байгаа гэнэ.

Энэ үеэр МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас үзэсгэлэнгийн талаар тодрууллаа.

-“Монголын боловсрол-2013” үзэсгэлэнд нийт хэдэн сургууль оролцож байна вэ?

-Энэ жилийн “Монголын боловсрол-2013” үзэсгэлэнд нийт 50 гаруй их, дээд сургууль оролцож байна. Тэднээс 10 нь улсын их, дээд сургууль, 30 нь хувийн их, дээд сургууль, бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай сургууль оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Энэ арга хэмжээг МОХ, БШУЯ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бүх ЕБС төгсөгчдөд үзэсгэлэнгийн талаарх мэдээллээ хүргэсэн гэдгээрээ онцлог болж байна.

-Үзэсгэлэнд ЕБС-ийн хүүхдүүд гэхээсээ илүү, оюунтан залуус олноороо оролцож байгаа харагдаж байна...?

-Тиймээ. Бид зөвхөн ЕБС төгсөгчдөд хандаж энэ арга хэмжээг зохион байгуулаагүй. Их дээд сургуульд суралцагч оюутнууд маань гадаадын их дээд сургуульд дэвшин суралцах боломжийг олгож байгаа. Учир нь оюутан залуус маань гадаадын их дээд сургуульд дэвшин сурч, мэдлэг олох боломжийг их хайдаг.

-Үзэсгэлэнг өдөрт хэдэн хүн дундажаар үзэж байна вэ?

-Оюутан сурагчид маань үзэсгэлэнд идэвхитэй оролцож байна. Өчигдрийн байдлаар дундажаар 800 гаруй хүн үзэсгэлэнг ирж сонирхосон. Өнөөдөр өчигдрийнхөөс ч илүү олон хүн ирж байна. Яагаад гэвэл энд хүүхэд залуусын сонирхож байгаа, эрэлт хэрэгцээтэй мэргэжил олон байгаа.

-МОХ-ноос ЕБС-ын төгсөгчид дунд “ямар мэргэжил эзэмших вэ” гэх мэтийн судалгаа хийдэг үү?

-Тийм. Би жил тутамд ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдийн дунд судалгаа хийдэг. Одоогоос хоёр жилийн өмнө ЕБС-уудад судалгаа хийхэд хүүхдүүд ихэвчлэн хууль, эрхзүй, эдийн засаг, марктингийн чиглэлийн мэргэжил эзэмших сонирхолтой байсан. Харин өнгөрсөн жилээс хүүхдүүдийн мэргэжил сонголтод маш их өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тухайлбал, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид газрын тос, уул уурхай, гедромехиник, багш гэх мэт эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлийг түлхүү сонирхож эхэлжээ.

Яагаад гэвэл, ЕБС-ын төгсөгчид багшийн мэргэжлийг сонговол 75-100 хувийн тэтгэлэгийг Төрөөс олгож байгаа. Мөн оюутан байх хугацаандаа цалинтай дадлага хийх боломжтой болж байгаа.

-Мэргэжлээ сонгож амжаагүй хүүхдүүдэд МОХ-ноос юу гэж зөвлөж байгаа вэ?

-Оюутан болно гэдэг маш том хариуцлага. Тиймээс манай МОХ-оос тэдгээр хүүхдүүдэд хандаж, юуны түрүүнд эцэг, эхтэйгээ эзэмших мэргэжлээ ярилцах хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа. Мөн их дээд сургуулийн бодит орчинд нь очиж танилцах хэрэгтэйг хэлж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ