Хаалтын ням гариг
Олон хүнийг цэнхэр дэлгэцийн өмнө өндөлзүүлсэн сонгуулийн сунгаа өндпөрлөлөө. Хуучин Ерөнхийлөгч дахин шинэ ерөнхийлөгч болж дөрвөн жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхээ ард түмнээсээ авлаа. Амласан ёсоор пүрэв гарагаас ажилдаа орсон байгаа байх. Үүгээр сонгуулийн үйл ажиллагаа бүрэн хаачихаагүй байна. Сар гаруйн хугацаанд сэтгэл хоёрдолгүй зүтгэсэн штаб нэгж, хэсэг хорооны зүтгэлтнүүдийг урамшуулах, дайлах цайлах, өнгөрсөн сард хуримтлагдсан стрессээс нь салгах “салхинд гарах” нэртэй ялалтын баярын зугаалга хотыг тойрсон амралт, уул устай, ам жалгуудын хамран өрнөөд байна.
.
Мэдээж томхон гарууд нь төрийн ордныг тойрон сэмхэн цуглаж вискийгээ шимж байгаа бол үе үеийн сонгуулийн үнэнч партизанууд, дундаа нэг хорхогтойгоор сэржим өргөөд эхэлчихсэн байгаа.
.
Энэ сонгуульд намын харьяалалгүй төрийн албан хаагчид сонгох эрхээ ч эдлэх завгүй зүтгэсэн.
Улсын хэмжээнд сонгуулийг зохион байгуулахад 20 гаруй мянган төрийн албан хаагч ажилласан гэсэн мэдээ байгаа. Үүнээс гадна сайн дурын дэмжигч намын гишүүд, штаб, хэсэг хороодын идэвхтнүүдийг нэмээд харвал нэлээд том сонгуулийн арми өнөөдөр хаалтаа хийж байна. Улс төрийн намын гол зорилго сонгуулиас сонгуулийн хооронд сайн ажиллаж төрийн эрхийг авах хэрэг байдаг болохоор ялсан ч бай ялагдсан ч бай гишүүд дэмжигчдийнхээ цөсийг сайн хөөргөж дараагийн сонгууль хүртэл мартахааргүй дайлж цайлж урамшуулах нь тэдний ажлын салшгүй хэсэг.
.
Бид хаяахан улс төржсөн хэнээтэй гарууд хэмээн ад үздэг ч сонгуулийн хамгийн бага хөлстэй, шөнө өдөргүй айлын нохойтой үзэлцэж ухуулга материал тарааж явдаг хамгийн хүнд ажлыг нугалж ялсан бол яамай даа гээд ганц юм гэртээ мултлаад бөх унтдаг, үе үеийн эгэл жирийн үнэнч дэмжигчидээ орхиогүй биз ээ.
.
Нэрсээ нэг тулгаж хараарай даа, зугаалга зохион байгуулагчид аа. Алийн болгон ”хувьсгалыг тэнэгүүд хийж, ухаантнууд завшдаг” гэсэн хорон үгийн жишгээр явах вэ. Жил жилийн сонгуульд зүтгэл гарган ажилладаг энэ сонгуулийн эгэл баатрууд өнөөх зурагт телевиз үздэггүй, ажилгүй, зорилгогүй, энэ хэрээрээ сонгуульд яаж оролцох нь барьцгүй байдаг “хүнд гар”-ын сонгогчидтой тулж ажиллан төрийн сонгуулийг хүчингүй болгочихгүй авч гардаг гэхэд хөөргөсөн болохгүй.
.
Их ялалтын хөөрөл, нөгөө талд дараалсан ялагдлын гутрал дээр өнөөдрийн найр цэнгээн, ууж идэлт оргилдоо хүрэх биз.
Хүнээ хөөргөж согтоосон биш, сэтгэл зүтгэлийг нь үнэлсэн, бодитойгоор шагнаж урамшуулсан төрийн том ажлыг нугалсаных нь төлөө мартагдахааргүй баярлуулсан хаалт болж байгаа биз ээ.
_
Бороо хур орж байгааг харгалзан ууж уудэхээ тааруулсан, аюул эндэлгүй, сайхан хаалт болог ээ.
.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ