Ч.Ууганбаяр: Өнөөдөр 100 яруу найрагч 100 хайрын шүлэг уншина

img

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх "Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан "Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй" уриан дор утга зохиолын "100 яруу найрагч-100 хайрын шүлэг" өдөрлөг өнөөдөр болно.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болох уг арга хэмжээг МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан Монголын Зохиолчдын эвлэл, “Хязгааргүй дуулал” ТББ хамтран  зохион байгуулж байгаа аж. Энэ талаар  Залуу зохиолчдын нэгдлийн дарга, Г.Сэр-Одын шагналт, залуу яруу найрагч Ч.Ууганбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр болох өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-“Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй” гэх уриан дор зохион байгуулагдаж байгаа энэхүү өдөрлөг  Монголын утга зохиолд өмнө нь болж байгаагүй томоохон  үйл явдал болох юм. Цаашилбал,  урлаг соёлын түүхэнд болж,  байгаагүй өдөрлөг зохиогдоно. Өмнө нь 100 яруу найрагч нэг дор цуглаж байсан удаа байхгүй. Монголын залуу зохиолчдын нэгдлээс энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж удаан ярилцаж, төлөвлөсний эцэст ийнхүү зохиогдох  гэж байна. Өдөрлөгт Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн,  П.Бадарч, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Урианхай болон “Болор цом”-ын эзэд, залуу яруу найрагчид гээд  үе үеийн төлөөлөл  нэг дор цуглах юм.  Тэд зөвхөн янаг амрагийн хайрын тухай шүлэг уншиж, хайр гэх үгэнд захирагдан нэг үдшийг өнгөрүүлнэ. Энэхүү өдөрлөг ямар нэг ашгийн  бус цэвэр урлагийн  арга хэмжээ юм. Залуусын хөдөлгөөн зохион байгуулж байгаа үйл ажиллагаа.

-Өдөрлөгт яруу найрагчдаас гадна хамтлаг дуучид оролцох уу?

-Мэдээж хайрын тухай шүлэг уншигдаж байхад дуу нь байхгүй бол төгс орчин биш болох байх. Тиймээс ч энэ үдэш хамтлаг дуучид цуглаж, хайрын тухай дуунуудыг эгшиглүүлэх болно. Нэг нууц задлахад Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Би чамд хайртай” киноны дууг дуулах болно. Үүнээс гадна ямарваа нэгэн арга хэмжээ морин хуураар эхэлдэг бол бид хийл хөгжмөөр төгөлдөр сайхан хайрын ая уянгалуулж  өдөрлөг эхлэх болно.

-Энэхүү өдөрлөг жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах уу?

-Бидний зохион байгуулж буй энэ өдөрлөг төсөл маягаар хэрэгжих үйл ажиллагаа юм. Магадгүй дараа жил өөр сэдвээр энэхүү арга хэмжээг зохион байгуулахыг үгүйсгэхгүй. Хамгийн эхэнд хайрын тухай зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгөө 21 аймгийн салбар зөвлөлөөр дамжуулан зохион байгуулж тойрох төлөвлөгөөтэй байгаа.  Түүнчлэн энэ үдэш уншигдсан бүх шүлгүүд ном болон хэвлэгдэнэ.

-Өдөрлөгийн үеэр үеийн үед уншигдсаар байгаа агуу яруу найрагчдын шүлэг уншигдана гэж сонссон?

-Мэдээж хайрын тухай шүлэг унших энэ өдрийг  Б.Явуухулан, О.Дашбалбар зэрэг хүмүүсийн шүлэггүйгээр төсөөлж болохгүй. Тиймээс ч уран уншигчид дээрх агуу хүмүүсийн шүлэг уншиж өдөрлөгийг  маань чимэх болно.

-Яагаад заавал янаг амрагийн хайрыг сонгосон юм бэ?

-Янаг амрагийн хайрыг сонгож авсан нь учиртай. Яруу найрагч хүний хамгийн их сэтгэл хөдлөл ихтэйгээр бичиж,  сэтгэлийн гүнээс бичдэг шүлэг бол хайрын тухай шүлэг. Тиймээс ч янаг амрагийн хайрыг сонгосон. Үүнээс гадна  өнөөгийн нийгэмд хайр энэрэл, хүнлэг сэтгэл дутмаг байгаагаас үүдэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж зүй бус үйлдлүүд олшрох болсон. Тиймээс нийгэм, гэр бүлд сайн сайхныг даллан дуудагч хайрын үнэ цэнийг олон нийтэд ухааруулах, утга зохиол, яруу найргаар дамжуулан амьдралын гэрэл гэгээ, үнэ цэнийг олоход туслах зорилготой юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ