
Газрын тосны салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд болж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар болон газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй хайгуул, олборлолтын, мөн газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өргөнөөр оролцож, ажил үйлчилгээ болоод бараа бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна газрын тосны салбарын ерөнхий үйл ажиллагааг иргэдэд сурталчлан, өргөдөл гомдол, санал, хүсэлтийг тухай бүр хүлээн авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
Мөн газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох заавар, журмыг иргэдэд танилцуулах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүний үйл ажиллагаатай холбоотой стандарт, норм дүрмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг өгч байгаа аж. Арга хэмжээ Газрын тосны газрын төв байрны гадна талбайд зохион байгуулагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ