
МАН-ын залуу гишүүдийн зүгээс "Шинэчилье" хөдөлгөөн байгуулан намынхаа үйл ажиллагаа, бодлого зорилт, мөрийн хөтөлбөр, удирдлагуудыг шинэчлэхээр ажиллах болсон тухайгаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Тиймээс тус хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар дэмжиж байгаагаа илэрхийлж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний гишүүд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи бүх сонгуульд дараалан ялагдсан нь намын бодлого, үйл ажиллагааны зогсонги байдалд орж, ард түмний дунд нэр хүнд нь унаж, улс төрийн намын манлайлах байр суурнь алдагдсантай холбоотой хэмээн үзэж, уг хөдөлгөөнийг байгуулжээ. Хөдөлгөөний зүгээс таван шаардлага бүхий уриалга гаргажээ.
Уг уриалгад, МАН-ын Бага хурлыг энэ сарын 8-ны өдрөөс өмнө хуралдуулж, 27-р их хурлын тов зарлах, намын даргыг сонгох, намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгаа зохион байгуулах. Намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод, болгон шинэчлэх, Авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий зарим гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагууд удирдлага, сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх зэрэг шаардлага багтжээ. Энэхүү уриалгаа тэд өнөөдөр хуралдахаар болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд хүргүүлж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ