
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан ажлаа эхэллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай илтгэсэн. Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 баг, 2271 мэдээллийн технологийн даамал, 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилласныг илтгэгч тэмдэглэлээ. Тэрээр цааш нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2012 оны 69 дүгээр тогтоолд заасны дагуу рөнхийлөгчийн сонгуулийг анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулж явуулсныг дурдаад хамтарсан Ажлын хэсэг 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж, 3754 бүртгэлийн техник хэрэгсэлийг шалган туршиж, баталгаажуулсан тухай мэдээлэв.
Илтгэгч Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар танилцуулахдаа, Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнг нэгтгэхэд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж 622794 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн, МАН-аас нэр дэвшсэн Б. Бат-Эрдэнэ 520380 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.97 хувийн, МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал 80563 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 6.50 хувийн санал авсан дүн гарч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны анхан шатны сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна гэлээ.
Тиймээс СЕХ Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн 50.23 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж байна гэдгээ тэрээр илтгэлээ.
Дээрх илтгэл болон санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, хариулт авав. Ингээд Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн буюу 94,4 хувийн саналаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг баталлаа. Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Үүгээр Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг энэ сарын 10-ны өдрийн 11. 40 цагт байхаар тогтов.
Мөн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг асуудалтай холбогдуулан Төсөл санаачлагчийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны илтгэлийг тус тус сонсов. Монголын төр ёсны уламжлалыг хүндэтгэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг шинэчилж ард нийтийн хүртээл болгох шаардлагыг үндэслэн ийнхүү тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа аж.
Энэ тогтоолын дагуу Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн ордны цогцолбор дахь Их эзэн Чингис хааны хөшөөний өмнөх талбайд болох бөгөөд ийнхүү ёслолын эрэмбэ дарааллыг тогтоолын хавсралтад нарийвчлан тусгасан байна
гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ