
Ливийн Бенгази хот дахь АНУ-ын Консулын газарт бөмбөг дэлбэлж, тус улсад суух Элчин сайд Кристофер Стивенсийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн сард гарсан. Энэ хэрэгт холбоотой байж болох сэжигтний зургийг Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн мягмар гарагт олон нийтэд дэлгэжээ. Ливичүүдэд хандан дээрх этгээдийг харсан тохиолдолд хуулийн байгууллагад хандахыг уриалсан байна.
.
Холбооны мөрдөх товчооны дэлгэсэн видео бичлэгт сэжигтэн дүрслэгдсэн бөгөөд зэвсэгтэй байсан аж. The Wall Street Journal-д бичсэнээр, Холбооны мөрдөх товчоо дэлбэрэлт гарснаас хойш анх удаа хэргийн баримтыг олон нийтэд дэлгэж байгаа нь энэ гэнэ. Ер нь эрэл мухардсаны шинж байх талтай аж.
.
CNN агентлаг “Бенгазийн халдлагад сэжиглэн Фараж аль-Шибли (Faraj al-Shibli) гэгчийг баривчилсан” гэсэн мэдээллийг өнгөрсөн сарын сүүлээр цацсан ч энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй юм. Ливийн түр Засгийн газрын Ерөнхий сайд Мустафа Абу Шакүр халдлага гарсны дөнгөж дараа “Бенгази хот дахь АНУ-ын консулын газар руу халдан элчин сайдыг хөнөөсөн хэргийн эзнийг баривчилсан. Сэжигтнийг байцаах шатанд явж байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн ч энэ нь мөн л ташаа байжээ. Одоогоор энэхүү гэрэл зургийг бүх томоохон байгууллагуудад тарааж, төстэй гэх этгээдүүдийг барьж байгаа хэмээн тус улсын Засгийн газраас мэдээллээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ