Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж, өнөөдөр хоёр шинэ уулзвар ашиглалтад орно. Тодруулбал, Сансараас 100 айл явах замтай Дарь-Эхээс нийлдэг уулзварын нээлт 11.40 цагт болох юм. Тус уулзварыг 4 замын уулзвар болгож, өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, “Экспресс зам” ХХК нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн, зам барилгын ажилтай зэрэгцэн цахилгаан болон дулааны гол шугам сүлжээг “Хасу мегаватт” ХХК өргөтгөн шинэчилсэн байна.
Мөн 13.30 цагаас 19 дүгээр хорооллын буюу АПУ ХК-ийн арын уулзварыг нээх юм байна. Энэ ажлын зураг төслийг “Ростов” ХХК хийж, гүйцэтгэгчээр “Пауэр ложистикс” ХХК ажиллажээ. Тус уулзварыг харьцангуй богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч троллейбусны шугамын шон, хэд хэдэн байгууллагын хашаа шилжүүлэх, зам барилгын ажилд ашиглах том оврын ачааны машин явах зөвшөөрлийг Замын цагдаагийн байгууллагаас хязгаарлах зэрэг шалтгаанаар ажил бага зэрэг удааширсан аж. Энэ уулзвар өмнө нь хоёр чигийн урсгалтай, зөвхөн баруун гар тийш эргэх хөдөлгөөний зохицуулалттай, уулзвараар шууд нэвт гарах боломжгүй байсан. Харин өргөтгөн шинэчилснээр баруун болон зүүн тийш эргэх, хөндлөн нэвтрэх боломжтой 4 замын уулзвар болж байгаа юм.
Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хийж буй “Хотын төв” дэд төслийн ажлууд эрчимтэй өрнөж, баяр наадмаас өмнө гурав болон дөрөв дэх шинэ уулзварын нээлт зэрэг болох гэж байна. Дашрамд дурдахад, ХӨСҮТ-ийн болон Гурвалжингийн гүүрний урд, Тасганы овооны, 10 дугаар хорооллын зэрэг хэд хэдэн уулзварыг шинэчлэх ажил ойрын хугацаанд эхлэх аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ