“Тахарын албаны тухай хууль" батлагдав

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хүрээнд өргөн баригдсан багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хийж батлах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлэг зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг гишүүн С.Баярцогт танилцуулсан юм.

.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Маршалын албаны тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаар гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 6 саналын томъёоллоор санал хураалгахад олонхийн дэмжлэг авав. Тухайлахад “Маршалын албаны тухай” гэсэн хуулийн нэрийг “Тахарын албаны тухай хууль” гэж өөрчлөхөөр болов.

.

Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 42 нь буюу 87.5 хувь нь дэмжив. Шинэ хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэв.

Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Ц.Оюунбаатар танилцуулав. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонсов. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гарсангүй, мөн зарчмын зөрүүтэй санал гаргаагүй байна. Ингээд хуулийн төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.3 хувь нь дэмжлээ.

.

Дараа нь Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлрт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг гишүүн Д.Ганбат танилцуулсан юм. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсангүй. Харин байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг дэмжлээ. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа гэж

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ