Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

img

  УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав. Мөн энэ талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан юм. "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг зарчмыг баримтлан боловсруулсан бөгөөд батлагдсаны дараа холбогдох хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан мөрдөх юм. Уг баримт бичиг нь нийтлэг үндэслэл, эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чиглэл, эрдэс баялгийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн гэсэн дөрвөн үндсэн бүлгээс бүрдэж байгаа. Бодлогын баримт бичгийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад холбогдох томоохон үндэсний хөтөлбөрт суурилж боловсруулсан. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг оруулах уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын “Нэг цонх”-ны бодлого бодитойгоор хэрэгжиж, эдийн засгийн хөгжил дан ганц салбараас хамааралгүйгээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үндэс бүрдэх юм гэдгийг Уул уурхайн сайд хэллээ.   Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ж.Батзандан энэ нь улс орны үндэсний эрх ашигтай холбоотой уул уурхайн бодлогын маш чухал асуудал учраас хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг бодлогын энэ баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороогоор нээлттэй хэлэлцсэн. Цаашдаа бодлогын зарим гол асуудлыг хаалттай хэлэлцээд явж болох юм, үүнийг дэгийн дагуу шийдэх байх. Гол нь уул уурхайн бодлогын асуудлаа нэг мөр шийдэж авах нь чухал байгаа юм гэдгээ хэлэв. Харин УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй байх, харин ч ил тод хэлэлцэх ёстой гэлээ.Ингээд гишүүн Б.Болор, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Р.Бурмаа, Н.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Арвин, Ц.Цолмон нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгснөөр чуулганы хуралдааны завсарлагын цаг болсон тул үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.   Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд саналаа хэлэх юм. Дараа нь Хилийн боомтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ