Наадмаар агаарын бөмбөлөг хөөргөнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажлуудыг танилцуулсан. Энэ жил баяр наадмаар хийх засвар тохижилт, хөрөнгө оруулалт, наадмын үйл ажиллагааны зардлыг тооцон Засгийн газрын хуралдаанаар 1.5 тэрбум төгрөгөөр баталсан.
Наадамчин олонд баяр наадмыг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор 4 ширхэг лед дэлгэцийг цэнгэлдэх дотор болон гадна талд, 3 ширхэг лед дэлгэцийг Хүй долоон худагт байрлуулахаар болжээ. Мөн Япон улсын Тоёо корпораци энэ жил агаарын бөмбөлгийг Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд тус бүр нэг ширхэг, Хүй долоон худагт хоёр ширхэгийг тус тус хөөргөхөөр бэлтгэл ажилдаа оржээ.
Баяр наадмын ёслолын буудлагыг энэ жил өмнөх жилүүдийнхээс байрлалын тоог нэмэгдүүлж, Сүхбаатарын талбай, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл, Баянзүрх дүүргийн 084-р анги, Чингэлтэй дүүргийн долоон буудал зэрэг 4 газраас буудахаар болсон. Хүй долоон худагт Монгол наадам цоцолбор байгуулах ажлын эхлэл энэ жил хийгдэж байна. 7000 автомашины зогсоол, үйлчилгээний талбай зэрэг ажлууд хийгдэж байна. Хүй долоон худгийн морь барианы газар хүртэлх засмал замаас Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг холбосон 8.5 км зам тавих ажил хийгдэж байна.
Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодод нийт 500 гаруй хүн ажиллаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ