
2012-2016 онд Нөхөн үржихүйн эрүүл мэндийн 4 дэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Өчигдөр НҮЭМ-ийн хөтөлбөрийн хүрээнд 2013 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, дараагийн хагас жилд хийх ажлаа ярилцсан байна.
2012 оны байдлаар шинээр 81292 жирэмсэн эмэгтэй хяналтад хамрагдсан бөгөөд 87,5 хувь нь жирэмсний эрт үедээ хяналтад хамрагдсан ба энэ нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага тоо юм. Цаашид жирэмсэн эхчүүдийг 98-100 хувь хяналтад хамруулахаар анхаарч ажиллах хэрэгтэйг салбарын дэд сайд сануулжээ. 2012 онд улсын хэмжээнд 74474 эх амаржсан 2011 онтой харьцуулахад төрөлт 5,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Энэхүү хөтөлбөрийн гол ач холбогдлын талаар ЭМЯ дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ "1990 онтой харьцуулахад нөхөн үржихүйн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэж, эхийн эндэгдэл 4 дахин буурсан. Монгол Улсын хувьд хамгийн түрүүнд эрүүл, эндэгдэлгүй төрөлтийн тал дээр улам анхаарч ажиллах хэрэгтэйг онцгойлсон юм. Мөн өмнөх 5 жилд сонгон ажилласан Увс, Ховд, Говь-Алтай аймгуудад эхийн эндэгдэл гараагүй нь хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөвлөгөөний биелэлт үр дүнтэй болж байгааг харуулсан" гэжээ.
Тайлангийн хурлаар 2013 онд төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлийн үр дүн ямар түвшинд хүрсэн мөн цаашдын үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллах хэрэгтэй байгаа зэрэг асуудлын талаар санал бодлоо солилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ