Хогны уут үнэгүй тарааж байна
Зуслангийн айлуудад хогны уут үнэгүй тараах ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр гаргасан захирамжийн дагуу эхлүүлсэн бөгөөд хогийн шинэ менежментийг хэрэгжүүлж буй нь энэ аж. Энэ менежментийн дагуу өнгөрөгч зургадугаар сарын 15-наас зуслангийн 20 аманд амьдарч байгаа айлуудад “Азийн цагаан дагина” гэх хогны уутыг үнэгүй тарааж эхэлсэн. Уг хогны уут нь 60х80 сантиметрийн хэмжээтэй, тунгалаг өнгөтэй гялгар уут бөгөөд айлуудад сард 15 ширхэгийг өгч байгаа аж. Энэ сараас хотын төвийн бүх айл өрхөд уутыг үнэгүй тараах юм байна. Айлууд хогоо уутлан орц, хашаа, гэрийнхээ үүдэнд гаргаж тавимагц Тохижилт, үйлчилгээний газрын ажилчид, хогийн эко эргүүл ууттай хогийг удаалгүй ачиж явахаар төлөвлөсөн гэнэ.
Дашрамд дуулгахад, “Монгол хэвлэл” гэх үндэсний үйлдвэрлэгч компани тендерт шалгарч, жилийн есөн тэрбум орчим төгрөгөөр уг уутыг үйлдвэрлэх гэрээ байгуулсан аж. Уг уутыг цаашид айл өрхүүдэд үнэгүй, харин албан байгууллагуудад тодорхой хэмжээний төлбөртэйгээр худалдаалах юм байна.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ