Боинг 777 осолдож, хоёр хүн нас барлаа
Өнөөдөр Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудал дээр БНСУ-ын иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоц осолджээ. Өмнөд Солонгосын Инчоны нисэх буудлаас "Asiana Airlines Flight 214" боинг онгоц нийт 291 зорчигч, багийн 16 гишүүнтэй хөөрсөн аж.
Америкт Сан Францискогийн онгоцны буудалд газардах зөвшөөрөл аван буулт хийх үед ийнхүү осолдож сүйрэлд өртсөн бөгөөд ослын улмаас хоёр хүн амиа алдаж нэг хүн шархадсан гэнэ.
Америкийн гал сөнөөгчид, аврах албаныхан сайн ажиллаж зорчигчдыг аварсан тухай нүдээр үзсэн гэрчүүд ярьсан байна. Энэ талаар Сан Франциско хотын дарга Эд Ли “Аврагчид маш хурдан ажиллаж чадлаа. Үүнээс муу зүйл болж болох байсан” хэмээн өгүүлсэн аж.
Уг онгоцоор зорчигчдын 141 нь хятадын иргэд, 77 нь солонгосчууд, 61 нь нутагтаа буцаж явсан америкчууд байсныг албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан шалгаж байна. Урьдчилсан байдлаар онгоц газардах явцдаа хөдөлгүүрт нь эвдрэл үүсэж улмаар сүүл нь газар чирэгдэн гал гарсан аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ