“Хурган” дарга нар дуут дохио хэрэглэхээ болилоо
Сүүлийн хэдэн жилд төрийн тусгай яамдын сайд нараас бусад агентлаг, газрын дарга нар замын хөдөлгөөнд оролцохдоо тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд дуут дохиог дураараа хэрэглэх болсон. Тэгвэл сайд нарын түвшингээс доогуур статустай дарга нар энэ сарын 6-наас буюу өчигдрөөс дуут дохио хэрэглэхгүй болжээ.
Учир нь тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио хэрэглэх журмыг өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн баталсан юм. Уг журмын дагуу энэ сарын 6-наас эхлэн сайд нарын түвшингээс доогуур бусад “хурган” дарга нар дураараа дуут дохио хэрэглэхгүй болжээ.
“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио хэрэглэх” журамд өөрчлөлт орсноор зөвхөн албан үүргээ гүйцэтгэж байгаа тусгайгийн алба хаагч, хүн болон мал эмнэлгийн түргэн тусламжийн машин, аваар ослын гэмт хэргийн дуудлагын цагдаагийн болон онцгой байдлын газрын автомашин, төрийн гурван өндөрлөгийн тусгай хамгаалалтынхан, онц хүнд гэмт хэрэгтэн баривчлах үүрэг бүхий ажилчдын тээврийн хэрэгсэлд дуут дохио ашиглах зөвшөөрлийг Цагдаагийн Ерөнхий газраас олгох юм. Харин журам зөрчиж дуут дохио, тэмдгийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд тухайн автомашины дуут дохиог хураах, жолооч нарт Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгууль ноогдуулах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ