О.Нарантуяа: Худалдаа үйлчилгээ явуулах эрхийг дүүргүүдээр олгож эхэлсэн
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг өнөөдрөөс олгож эхэлжээ. Энэ талаар НЗАА-ийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодрууллаа.
-Баяр наадмаар худалдаа, үйлчилгээ явуулах эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүд хаанаас авах боломжтой вэ?
-Баяр наадмаар үйлчилгээ худалдаа явуулах эрхийг өнөөдрөөс дүүргүүдийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгож эхэлсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүд уг эрхийг авахын тулд эхлээд байршилаа сонгох ёстой.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайд худалдаа үйлчилгээ явуулахад 20000, Хүй долоон худагт 15000 төгрөгийн хураамж төлнө. Харин бараа бүтээгдэхүүн зөөх үйлчилгээний машинуудын хувьд 10000 төгрөгийн төлбөр төлнө.
-Хичнээн иргэд, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох вэ?
-Баяр наадмын үеэр хуушуур хийж, борлуулах болон бусад хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалах зөвшөөрлийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 500, Хүй долоон худагт 300 аж ахуй нэгж, иргэнд олгоно.
-Наадмаар ямар худалдаа үйлчилгээ явуулахыг хориглож байгаа вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай зэрэг иргэд олноор цуглардаг газруудад зөвшөөрөлгүйгээр гар дээрээс түргэн муудаж, гэмтдэг өндөг, түүгээр хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг худалдаалдаг явдлыг таслан зогсоохоор хатуу хяналт тавьж ажиллана. Мөн согтууруулах ундааг зарж борлуулах, үйлчлэхийг хориглоно.
-Наадмаар хичнээн мэргэжил хяналтын улсын байцаагч ажиллах вэ?
-Энэ жил урьд жилүүдийнхээс илүү ачаалалтай ажиллаж байна. Дундажаар 200-иад улсын байцаагч 10-13-ний хооронд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хуваарийн дагуу ажиллаж, хяналтаа тавина.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ