МАН-ын шинэчлэлтэй, ерөнхийлөгчийн хоригтой өдрүүд
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдрал төдийгүй нийгмийн амьдралд олны анхаарлыг татаж, сэтгэл сэртхийлгэсэн хэрэг явдал нэлээдгүй өрнөсөн. Долоо хоногийн эхний өдөр таван жилийн өмнө амь үрэгдсэн гэм зэмгүй иргэдийг эргэн дурссан бол эмэгтэй хүн хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэг олныг сэртхийлгэв. Наадмын бэлтгэл ажлууд өрнөхтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд бүхэлд нь хориг тавьсан зэрэг гол үйл явдлуудыг эргэн нэг сануулж байна.
.
Таван жил өнгөрөхөд хөшөө ч босгосонгүй
2008 оны долдугаар сарын 1-ний өдөр сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд МАХН буюу одоогийн МАН-ын байрны гадна жагсаал цуглаан хийн эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч уг жагсаал нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, намын байр шатаж, гэм зэмгүй таван иргэн амь насаа алдсан. Хууль хяналтынхан энэхүү түүхэнд хараар тэмдэглэсэн өдрийн хэрэг явдлыг эцэслэн шийдвэрлээгүй ч тухайн үеийн цагдаагийн зарим удирдах ажилтан ял шийтгэлээ эдэлж буй. Өнгөрсөн жилүүдэд амь үрэгдсэн иргэдийн ар гэр, улс төрийн хүчний төлөөллүүд энэ өдрийг эргэн дурсч, Хэлмэгдэгсэдийн музейд цэцэг өргөдөг уламжлал тогтсон.
.
Уг хөшөөний баруун талд таван жилийн өмнө амиа алдсан хөөрхий иргэдийг эргэн дурсч, түүхэнд бичигдсэн хар өдрийг хойч үедээ сануулах болно хэмээн 2009 оны долдугаар сарын 1-ний өдөр нэгэн дардас байршуулсан. Гэвч уг дардасыг сольж хөшөө босгосонгүй өнөөдрийг хүрсэн. Хохирогчдын ар гэрийнхэн хөшөөний газрын асуудлыг тодруулахад "Үндэсний түүхийн музей газраасаа өгөхгүй" хэмээн эсэргүүцсэнээс гацаанд орсон гэдэг. Харин МАХН-ын шатсан байр өдгөө та бидний нүдний өмнө хэрхэн сүндэрлэж, Тусгаар тогтнолын ордон болсон. Хохирогчдод 50 сая төгрөг хувааж өгснөөр энэ түүхийг хаасан гэж албан тушаалтнууд бодсон бололтой. Тиймдээ ч хүүгээ, ханиа алдсан эхчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэлийг үл хүндэтгэн өнөөдрийг хүрсэн болов уу. Өдөр бүр үнэнийг сануулах хөшөөг босгоогүй ч халуун сэтгэлдээ тээж яваа ард түмний дурсамжийг арилгаж чадахгүй. Тиймээс Монголын түүхэнд хараар тэмдэглэгдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал биднийг эвтэй байхыг сануулдаг хэмээн залуус санаачлага гарган энэ өдрийг “Тэвръе л дээ” өдөр болгохыг зорьсон. Тэд фэйсбүүк, твиттерээр нэгдэж хүмүүсийн сэтгэлд үлдсэн бараан дурсамжийг арилгах өдөр болгохоор хотын төв гудамжинд явсан иргэдтэй чин сэтгэлээсээ тэврэлдсэн юм.
.
МАН-ын залуус “Шинэчлэл”-ийг хүсэв
.
МАН-ын залуу гишүүд “Шинэчилье” хөдөлгөөн байгуулан намынхаа үйл ажиллагаа, бодлого зорилт, мөрийн хөтөлбөр, удирдлагуудыг шинэчлэхээр ажиллах болсон тухайгаа мэдэгдсэн. Тус хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар дэмжиж байгаагаа илэрхийлж буй. Тус хөдөлгөөний гишүүд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи бүх сонгуульд дараалан ялагдсан нь намын бодлого, үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард түмний дунд нэр хүнд нь унаж, улс төрийн намын манлайлах байр суур алдагдсантай холбоотой хэмээн үзэж, уг хөдөлгөөнийг байгуулсан гэнэ. Хөдөлгөөний зүгээс намын удирдлагууддаа таван зүйл бүхий уриалга хүргүүлж, намынхаа байрны гадаа “Шинэчлэлийн өргөө” гэх хаягтай гэр барьж, тэмцлээ эхлүүлсэн. Уг гэртээ намын гишүүд, дэмжигчдээс санал авч эхлээд буй.
.
Татварын байцаагч эмэгтэй хэрцгийгээр хөнөөгдөв
.
Өнгөрсөн даваа гарагийн орой буюу 7-р сарын 1-ний шөнө 31 настай эмэгтэй Э олон удаа хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэргийг шалгахаар Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газартай хамтран цагдаагийн дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг гарч хэрэг болсноос 20 цагийн дотор сэжигтэн этгээдийг баривчилсан. Тэрээр өмнө нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст ажилладаг байсан Т гэх 39 настай эмэгтэй. Өдгөө ажилгүй. Хувийн таарамжгүй харилцаа, өс хонзонгоос сэдэлтэй ийм хэрэг үйлдэгдсэн гэж цагдаад мэдүүлж буй гэх. Хохирогч эмэгтэй нь 1982 онд төрсөн, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст 2006 оноос хойш ажилласан, Татварын байцаагчаар ажиллаж байжээ.
.
Хоёр бүсгүйн хооронд гүйж, эцэст нь нэгийг нь шороонд нөгөө нь шоронд ороход хүргэсэн Д.Батболд гэгч нь Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байгаад албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс 3.6 жилийн ял сонсоод буй Д.Батхуягийн төрсөн дүү. Тэрбээр ахыгаа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад нь тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Улмаар ахыгаа хэрэгт холбогдон саатуулагдах үеэс Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын суудалд очсон аж. Түүнийг мөн энэ хэрэгт хамаатуулан шалгахаар хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа гэнэ.
.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв
.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны анхан шатны сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн ерөнхий хороо үзсэн. Тиймээс СЕХ Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50.23 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэв.
.
УИХ-ын гишүүдийн олонхийн буюу 94,4 хувийн саналаар Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг баталж, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Үүгээр Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг энэ сарын 10-ны өдрийн 11. 40 цагт байхаар тогтов.
.
ОССК-ын ажлыг ТОСК-д шилжүүлэв
.
Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Ерөнхий сайдын шууд харьяанд ажиллах энэ байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэгт гүйцэтгэх аж.
.
Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллах юм. Ингэснээр хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэх аж.
.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд хориг тавив
.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуульд бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригт “Монгол Улсын Их Хурлаас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр баталж, мөн өдрийн 16.00 цагт ёсчилсон Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэнтэй танилцлаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна” гэжээ.
.
Т.Билэгтийг саатуулав
.
Авлигын хэргээр ял эдэлж буй Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд захидал бичиж шуугиан дэгдээж байсан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн бямба гаригт гэрээсээ баривчлагджээ.
Тодруулбал, Т.Билэгт өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд буусан аж. Түүнийг цагдаагийнхан бямба гаригийн өглөө баривчилсан бөгөөд биед нь үзлэг хийхэд ямар нэг хагалгаа хийлгэсэн шарх сорви, ул мөр байгаагүй гэнэ. Гэхдээ нэгэнт зүрхний хүнд хагалгаа хийлгэсэн нь үнэн бол тэр энэ талаарх эмчийн дүгнэлт, эмнэлгийн акт баримтыг хуулийнханд гаргаж өгөх нь ойлгомжтой.
Түүнийг өдгөө хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ